Thursday, October 29, 2015

Архины хор хөнөөл

Шоронд хоригдож байгаа хүмүүсийн 50% гэмт хэрэг хийсэн, 40% зам тээврийн осол гаргасан, 25%  хүнд бэртэл авсан хүмүүс бүгд архитай холбоотой байдаг.
Спирт хүний биед маш амархан шингэдэг, өлөн уувал шууд цэврээрээ биед 20% шимэгддэг бөгөөд хэдэн хоромын дараа согтоодог байна. Харин юм идсэний дараа архи уувал согтолт харьцангуй багасдаг байна. Архи шимэгдсэн үед хамгийн түрүүнд элэгний эс гэмтэж задардаг байна.
Архи уусны дараа цусанд шимэгдэн орж хүний биеийн хариу урвал спиртийн  концентрациас хамааран харилцан адилгүй хариу урвал үзүүлдэг байна. Үүнд: цусан дах спиртийн концентраци нь 20mg% бол сэтгэл сайхан хөөрлийн байдалтай, баяр баясгалантай, бүх юм сайн сайхан болж санагддаг, цусан дахь спиртийн концентраци нь 40mg% бол дээрх хөөрлийн байдал гүнзгийрч маш их хөөрлийн байдалд орно, цусан дах спиртийн концентраци нь 80mg% бол арслан бар адил болж өөрийгөө төвийлгөн онгирох, үг яриа нь эмх замбараагүй болдог,   цусан дах спиртийн концентраци нь 160-200mg% гахай шиг болж ухаан алдан унтдаг байна. Согтуугаар машин барин осолд орсон хүмүүсийн цусан дахь спиртийн концентраци нь 200mg%-с дээш байдаг. 


Архи эрүүл мэнд


Анагаах Ухаанд  өдөрт  бага хэмжээтэй архи хэрэглэх нь цусны даралт багасгаж зүрхний титэм судасны эмгэг үүсэх болон өвчнөөр нас барах тохиолдол ч бага байдаг гэж үздэг байна. Мөн тодорхой бага тунгаар хэрэглэсэн тохиолдолд судас тэлж цусан хангамжийг сайжруулж нойр сайн хүргэж сэтгэл санааг тайтгаруулдаг гэж судалгаагаар батлагдсан байдаг.

Гэвч архи бага хэмжээтэй хэрэглэж  болох боловч их тунгаар хэтрүүлсэн тохиолдолд хүний биед ямар их хортой болохыг хүн бүхэн мэддэг билээ. Өдөрт хэрэглэх хэмжээ нь 5 грамм байхад хүний биед сэргээх нөлөө үзүүлдэг бөгөөд европ хүний биед 30 граммаас илүүгүй гэж үзэхэд ази хүний биед 15 грамм хэмжээтэй байхад тохирсон тун гэж үздэг байдаг. Үүнийг хэрэглэх нэр төрлөөр нь  ангилбал вино дарсны хэмжээ 100 грамм, 60 хэмтэй цагаан архи 25 грамм, шар айраг буюу пиво 300 граммаас хэтрэхгүй хэмжээтэй  байх гэж үздэг байна.
Архи хэтрүүлэн хэрэглэсэнээр хүний эрүүл мэнд болон хүний нийгмийн амьдрал ахуйд хичнээн хор хөнөөлтэй болохыг мэддэг боловч архи уусан үедээ өөрөөр хэлбэл согтуугаар машин жолоодоход 40% зам тээврийн ослоор нас барч, 50% хууль зөрчиж гэмт хэрэгтэн болж, 25% хүнд өвчтэй болох буюу насан туршдаа тахир дутуу эрэмдэг зэрэмдэг хөдөлмөрийн чадвар алддагддаг байна. Мөн архийг хэтрүүлэн удаан хугацаагаар хэрэглэснээр элэг хатуурах, зүрх судасны эмгэг, сэтгэцийн эмгэг, тархины эмгэгүүд, паркинсоны эмгэг, хорт хавдарууд зэрэг өвчнүүд үүсдэг байна.  

Зарим хүмүүс архи хэрэглэсний дараа мөрийтэй тоглон хожихоороо их баярлан хөөрч, хожигдвол уурлаж гутардаг бөгөөд хэт цочирдон сэтгэлийн хөөрлөөс болж насбарах тохиолдол ч байдаг. Америкийн эрдэмтэд архи бага уудаг хүн 1 насаар урт насалж харин архи их уудаг хүн наслах наснаасаа 6 насаар дутуу насалдаг гэсэн судалгааны үр дүн гаргасан байна.

Үнэндээ спиртийн 1/4 ходоодонд ууршдаг байна. Харин үлдсэн хэсэг нь нарийн гэдсээр дамжин цусанд шимэгддэг бөгөөд хэрвээ өлөн уувал цусан дэх концентраци нь ихэсч зүрх судасны ачаалал ихэсдэг байна. Архи уусны дараа спиртийн хэмжээ 20-40мл хүрсэн үед хүний бие тайвширч үг яриа нь олширч, янз бүрийн ааш авир гаргадаг байна. Харин 50-100 мл хүрсэн үед ярьж чадахгүй, толгой эргэж, хөл дээрээ тогтож чадахгүй зэрэг шинж тэмдэг гардаг.

Архи уусанаар хүний бүх эрхтэн гэмтдэг боловч хамгийн их гэмтэж мууддаг эрхтэн бол элэг юм. Доорх зураг дээр эрүүл элэг, өөхөлсөн элэг, эцэстээ хатуурч жижгэрсэн элэг харагдаж байна.


Мөн архинд хэт гэмтэж хордсон элэг доорх зураг дээр харж болно.

     

Архи уусан хүний согтох байдлыг дүрсэлвэл эхний үед тогос шиг болж хөөрөлд орж дараагийн шатандаа арслан бар шиг авирлаж, дараа нь сармагчин шиг сэтгэлийн хөөрөл нь мэдэгдэхгүй болон сүүлийн шатандаа гахай болон унтдаг байна.  


Архинд тархи гэмтэж жижигрэн хатингаршсан байдал

Архинд гүн согтсон үед цусны  судас хүчтэй агшдаг байна. 50 настай эрэгтэй 3 шил цагаан архи уусаны дараа ухаан алдаж түргэн тусламжаар эмнэлэгт яаралтай тусламж үзүүлж ухаан орсны дараа зүрхний цахилгаан бичлэг хийж үзэхэд хурц явцтай зүрхний цусан хангамж дутагдах өвчин үүссэн байжээ.
Спиртэнд хордсон хүмүүсийн цогцсонд шинжилгээ хийхэд уушги, зүрх, нойр булчирхай, ходоод зэрэг эрхтэнүүдээс цус алдсан, тархи цусаар дүүрсэн байх бөгөөд үндсэндээ цус алдаж амиа алдсан байдаг байна.



                                       АУ-ы доктор(Ph.D)
                                                “Цу-Эрдэнэ” эмнэлгийн эмч
                                                 Ц.Эрдэнэ

Халдварт бус өвчин

Монгол улсад хүн ам зүйн болон халдварын тархвар зүйн судалгаагаар халдварт өвчнөөс шалтгаалсан өвчлөл, нас баралт буурч, харин архаг өвчин, халдварт бус өвчин нас баралтын тэргүүлэх таван шалтгаан болоод байгаа юм. Цусны эрхтэн системийн өвчлөл, өмөн үү, осол гэмтэл, хордлого болон бусад гадны нөлөөллөөр нас барсан тохиолдол 2007 оны нийт нас баралтын 75.3%-ийг эзэлжээ. ДЭМБ-ын тооцоолсноор тархины судас хатуурах өвчин, элэгний хавдар, зүрхний цусан хангамж муудах өвчин болон зам тээврийн осол зэрэг нь нас баралтын голлох шалтгаан болж, 2004 оны үзүүлэлтээр гурван нас баралт тутмын нэг нь дээрхи шалтгаантай байжээ. Түүнчлэн . . . тархины судас хатуурах өвчин, зам тээврийн осол нь амьдралын наслалтыг богиносгох гол хүчин зүйлс болж байгааг энэ үзүүлэлт харуулсан байна. Осол гэмтэл, хордлого болон бусад гадны нөлөөлөл ялангуяа залуу хүмүүсийн нас барах, амьдралын чадвараа алдах гол шалтгаан болж байна. Энэ шалтгаанаар 16-19 насныхан нас барсан тоо нийт хүн амын дунд байгаа мөн энэ шалтгаантай нас баралтаас 2.3 дахин илүү байгаа аж. ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийн 2009 оны STEPS судалгааны урьдчилсан дүнгээр тамхи татдаг хүмүүс 27.5% эзэлж байв. Тэдний 62.7% нь цусны даралт өндөртэй байсан бол архинд автагсад 58.5% нь байв. Жимс ногоог нэрийн төдий хэрэглэдэг хүмүүсийн эзлэх хувь 93.2%. Жингийн илүүдэлтэй болон тарган хүмүүсийн хувь 53.6%, холестирин нь байх ёстой хэмжээнээс илүү хүмүүсийн эзлэх хувь 40.5% байв. Монголчуудын 70% орчим нь давстай цай уудаг ба өдөрт дунджаар 15.1 гр давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-аас зөвлөсөн давсны дундаж хэрэглээний 6 гр хэмжээнээс даруй хоёр дахин их байна. Элэгний хавдар өвчин нь хамгийн ихээр өвчлөл, нас баралтад хүргэж байгаа шалтгаануудын нэг болж байгаа нь зовнилд хүргэж, онцгой анхаарал татаж байгаа юм. Улсын хэмжээнд элэгний эсийн өмөн үү, элэгний архаг өвчнийг үүсгэгч гол шалтгаан нь В, С вирүст гепатит аж. Архины хэрэглээ өндөр байгаа нь дээрхи хоёр вирүсийн гаралтай элэгний архаг өвчнийг хурдасгаж, залуу насандаа архаг гепатит, элэгний хорт хавдраар нас барах нь бусад орнуудаас харьцангуй өндөр байна.

Wednesday, October 7, 2015

ЗАРЛАЛ
“Эрхэмжаргалан” ӨЭМТ

Долоо хоног бүрийн 5 дахь өдөр 19 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж
1955, 1958, 1961, 1964, 1967, 1970, 1973, 1976, 1979, 1982, 1985 оны эмэгтэйчүүд Умайн хүзүүний хавдрын эсийн шинжилгээ болон  40 - 64 насны бүх хүмүүсийг
ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна.
Та бүхэн идэвхитэй хамрагдана уу?


Tuesday, September 22, 2015

Галзуу өвчин
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй  байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээмэл амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлнэ.
Галзуу өвчнийг үүсгэгч вирүс нь чоно, үнэг, хярс, харх, сарьсан багваахай, нохой, муур зэрэг зэрлэг амьтдын нэгээс нөгөөд дамжин халдварлана. Хүн тэдгээр амьтдад хазуулах, шүлстүүлэхэд галзуу өвчин  тусах аюултай. Мөн дээрх амьтдын идээд орхисон малын сэг зэмд галзуугийн вирүс хадгалагдан үлддэг тул гэрийн нохой түүнээс идэж өвчлөх төдийгүй вирүс тээгч болдог. Өөрөөр хэлбэл гэрийн нохойд галзуугийн шинж тэмдэг илрэхгүй боловч хүнийг урах, хазах тохиолдолд халдвар дамжих аюултай.
Илрэх шинж тэмдэг
Халдвар авсанаас хойш өвчний шинж тэмдэг илрэх хугацаа нь 12-100 хоног байх бөгөөд энэ нь уруулсан шархны байрлал, шархны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байна.  Толгой, хүзүүний хавьд бол эхний 10 хоногийн дотор, гар, цээж, их биеийн хэсэгт бол 14-30 хоногийн дотор, хөл, гуяны хэсэгт уруулсан тохиолдолд 1-3 сарын дотор галзуу өвчний анхны шинж тэмдэг илэрнэ.
              Амьтанд хазуулсан болон уруулсан шархны орчмоор улайж хөндүүрлэн үрэвсэж, мэдрэлийн ширхэгийн дагуу хөндүүрлэх, дотор муухайрч бөөлжих, гэрэл, чимээнд цочромтгой болох, хөлрөх, шүлс гоожих, хэл яриа нь тасалдах, хүнээс зугтах, уснаас айх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Галзуугийн сэжигтэй амьтанд хазуулсан, уруулсан үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч уг өвчний эсрэг вакцин, ийлдэс зэргийг тариулах нь өвчин төв мэдрэлийн системд нөлөөлөхөөс өмнөзогсоож халдвар авсан хүний амь насыг аврах боломжтой. Харин ийлдэс, вакцин зэргийг тариулаагүй буюу дутуу тариулсан,  эмнэлгийн тусламж оройтсон  үед тухайн хүний амь насыг аврах боломжгүй юм.  
Сэргийлэлт
  1. Галзуу өвчтэй болон сэжигтэй зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтанд хазуулахгүй байх, хэрэв хазуулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдол гарвал тэр даруйдаа шархыг цэвэрлэн ариутгаж, эмнэлэгт яаралтай хандах, галзуугийн эсрэг ийлдэс, урьдчилан сэргийлэх вакциныг зааврын дагуу цаг алдалгүй тариулвал хүн өвчлөхгүй байж болно. Эмнэлгийн тусламж авах хүртэл шархыг буцалсан бүлээн усаар сайтар савандаж угаан спирт болон иодоор арчина.
  2. Гэрийн тэжээмэл нохой муурыг галзуугийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулна.
  3. Зэрлэг амьтдын дунд галзуугийн өвчлөл ажиглагдвал галзуу өвчний шинжтэй амьтдыг устгах арга хэмжээг зохион байгуулна.
  4. Золбин нохойн тоо толгойг цөөрүүлэх, нохойд хазуулсан бол мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, нохойд шинжилгээ, ажиглалт хийх зэрэг арга хэмжээ авна.
  5. Хүүхдийг нохойгоор тоглуулахгүй байх, золбин муур, нохойг гэртээ оруулахгүй байх
  6. Чоно, нохойн махыг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх 

Sunday, September 13, 2015

Зарлал
БГД-н -р хороо "Эрхэмжаргалан" ӨЭМТ
Лабраторийн эмч, сувилагч ажилд авна.
Утас: 11-364821

Friday, September 11, 2015

"ЭРХЭМЖАРГАЛАН" ӨЭМТ

Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэхдээ бүрдүүлэх бичиг баримт
Иргэн та өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэхдээ дараах бичиг баримтыг заавал авч ирэх хэрэгтэй
. Үүнд:
1. Иргэний цахим үнэмлэх
2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
3. Эх хүүхдийн яагаан дэвтэр
4. Төрсөний гэрчилгээ / хүүхдэд /
5. Амбулатороор эмчлүүлэгчийн карт
6. Түр оршин суугч бол хорооноос түр оршин суугчийн тодорхойлолт авсан байх

Анхаарах зүйлс
1. Гадуур хувцасаа тайлж орох
2. Эмчид үзүүлж байхдаа утсаар ярихгүй байх
3. Эмчийн үзлэгийн дундуур орж ирэхгүй, хүлээцтэй хандан очер дарааллаараа орж байх




Monday, August 3, 2015

УРГАМЛЫН ТООСНЫ ХАРШИЛААС СЭРГИЙЛЦГЭЭЕ

Дэлхийн хүн амын 30-40% нь жилд янз бүрийн шалтгаант харшлын өвчнөөр өвчилж байгаагаас 24-30%-ыг ургамлын тоосны харшил эзэлж байна. 2020 он гэхэд дэлхийн нийт хүн амын 50 хүртэлх хувь нь ямар нэгэн шалтгаант харшлаар өвчлөх магадлалтай гэж зарим судлаачид урьдчилан тооцоолсон байна. Хүмүүсийн хэрэглэж буй хоол хүнсний 15-20%, эм тарианы 20-25% нь харшил үүсгэх шинж чанартайгаас гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос, химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол болон бидний хүрээлэн буй гадаад орчны олон хүчин зүйлсийн нөлөө харшлаар өвчлөх шалтгаан болдгийг тогтоосон. 
Манай орны байгаль, цаг уурын онцлог цөлжилт хотжилт, агаарын бохирдол, хотын ногоон байгууламж багасч, зүлэг талбайд шарилж, луулийн овгийн ургамал ихээр ургаж байгаатай холбоотойгоор амьсгалын замын харшлын өвчлөл мэдэгдэхүйц нэмэгдэж  байна. Улаанбаатар хотын ногоон байгууламжинд 219 зүйл ургамал ургаж байгаагаас хүний биед зонхилон харшил үүсгэх боломжтой 6 овгийн 9 төрөлд хамаарах 33 зүйлийн ургамал ургаж байна.
2007 онд хийсэн судалгаагаар сүүлийн 10 жилийн дотор Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийн поллинозын тархалт 1,3 дахин нэмэгдсэн ба үүсгэж байгаа шалтгааны дотор шарилж 96,2%, лууль  88,8%-ийг эзэлж байв. Эдгээр хүүхдүүдийн 68,1% нь удамдаа харшлын өвчтэй хүнтэй байв. Харшилт өвчин нь удамших магадлал өндөр байдаг бөгөөд эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хvvхдэд өвчлөх магадлал 25%хоёулаа харшилтай бол 75-80% хувиар өсдөг.
Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар манай улсад 5 хүн тутмын нэг нь ямар нэг харшилтай байгаа ба хүн амын 1-2% нь шарилж, луулийн цэцгийн дохиурын тоосны шалтгаант харшлаар өвчлөх магадлалтай байна 
УКТЭ-ийн харшлын кабинетэд сүүлийн 30 орчим жилд хийгдсэн судалгаагаар шарилж, луулийн тоосны харшлаар өвчлөгчдийн 80 гаруй хувийг Улаанбаатар хотын иргэд эзэлж байгаа бөгөөд манай улсад ургамлын тоосны харшил түүний дотор шарилж, луулийн тоосноос үүдэлтэй өвчлөл жил тутамд ихсэж анхлан үзүүлэгчдийн жилийн дундаж 350,8 байгаа ба жилд 700-1000 хүн анхлан өвчлөгч байх магадлалтай байна.
Ургамлын тоосны харшил өвчний тохиолдол УБ хотод 73,5, төвийн бүсэд 12,3, зүүн бүсэд 5,9, өмнөд 5,2, баруун 3,1 хувийг эзэлж байна.
2010 оны судалгаагаар УКТЭ-ийн Харшлын кабинетаар сүүлийн 3 жилд 29853 хүн үйлчлүүлснээс 5070 нь ургамлын тоосны харшил өвчтэй, 1400 хүн энэ өвчний улмаас диспансерийн хяналтанд тогтмол эмчлүүлж байна.
Анагаахын шинжлэх ухаанд ургамлын тоосны харшил өвчний төгс эмчилгээний аргыг хараахан нээгээгүй байна. Өнөөгийн байдлаар хийгдэж байгаа саармагжуулах болон шинж тэмдгийн эмчилгээ нь удаан хугацаагаар хийгддэг, зарим тохиолдолд үр дүн багатай.
Ургамлын тоосны харшилт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн байгууллагууд тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа хэдий ч ургамлын тоосны харшилт өвчтэй хүмүүсийн болон диспансерийн хяналтанд эмчлүүлэгчдийн тоо жил бүр эрчимтэй өсч байна.
Ургамлын тоосны шалтгаант харшил халдваргүй улирлын чанартай, харшил төрүүлэгч тоост цөөн тооны зүйл ургамлын цэцэглэхтэй холбоотой учир урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах бүрэн бололцоотой бөгөөд үүний тулд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн зүлэгт талбайн хөрсийг солих, сайжруулах ажлыг үе шаттайгаар хийж эхлэх, хотын зүлэгт талбай, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, айл, өрх, иргэдийн эзэмшил, өмчлөлд байгаа хашаа, орчны талбайд их хэмжээгээр ургасан шарилж, луулийн төрлийн хөл газрын ургамлуудыг цэцэглэж, тоосрох үе шат эхлэхээс урьдаж харшил үүсгэгч ургамлыг зулгааж авалгүйгээр 7-8 см-ийн өндөртэйгээр 7 дугаар сарын эхний долоо хоног, 8 дугаар сарын гурав дахь долоо хоногт багтаан тус тус 2 удаа хадалт, тайралт хийх хэрэгтэй.
Ногоон байгууламжийн хөл газрын ургамлуудыг тайрч, хадаж, зүлэгт талбай болгосноор дараах үр дүнд хүрнэ. Үүнд:
  1. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ногоон масс нэмэгдэж, зүлэгт талбайн арчилгаа сайжирна.
  1. 2-3 жил тогтмол хадсан талбайн ургамлан бүрхэвч сэргэж, олон зүйл ургамал шинээр ургах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
  1. Хөл газрын ургамалтай тэмцэх химийн ямар нэгэн бодис хэрэглээгүй учир хөрс болон тухайн орчин цэвэр эрүүл үлдэнэ.
  1. Элэгдэлд орсон талбайн хөрсийг хавар, зун, намрын турш ургамлан үе давхаргатай байлгаснаар тоос шороо багасна.
  1. Их хэмжээний хүн хүч, хөрөнгө зарцуулагдахгүй тул эдийн засагт хэмнэлттэй.
  1. Хадсан жргамлыг хатааж малын тэжээл бэлтгэхэд ашиглах боломжтой.Хөл газрын ургамлыг хэлбэржүүлж, зохиомж гарган тайралт хийснээр ногоон байгууламжийн өнгө үзэмжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, хүн амын эрүүл орчинд амьдрах таатай нөхцөл бий болгох ач тустай.
  1. Ургамлын тоосны харшил өвчнөөс сэргийлэх оновчтой аргын нэг нь агаар дахь ургамлын тоосжилтыг багасгах явдал байдаг. Үүний тулд хөл газрын ургамлыг цэцэглэлтээс нь өмнө хадалт, тайралтыг зөв хийснээр агаарт ургамлын тоос тархах үйл явцыг багасгаж  хүн амыг ургамлын тоосны харшил өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Нийслэлийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх, ургамлын тоосны харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд жил бүрийн 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн “Ургамлын тоосны харшилтай тэмцэх” аяныг 2 сарын хугацаатай зохион байгуулж явуулах НЗД-ын 433 дугаар захирамжийг хэрэгжүүлэх үүднээс НЭМГ-ын даргын 1а/85 дугаар “Аян з/б-х тухай” ургамлын тоосны харшилтай тэмцэх тушаал гарган ажиллаж байна. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Харшлын кабинетын эмч нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, чадавхижуулах, адил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай танилцах, туршлага солилцох ажлыг зохион явууллаа.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Sunday, June 28, 2015

Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлцгээе

Дулааны улиралд гэдэсний халдварт өвчин үүсгэгч нянгууд үржих таатай нөхцөл бүрдэн өвчлөл ихэсдэгтэй холбоотойгоор иргэд та бүхэнд уг өвчний талаар мэдээлэл хүргэж байна.
Хоол боловсруулах замыг гэмтээдэг халдварт өвчнүүдийг гэдэсний халдварт өвчний бүлэгт хамруулдаг. Манай улсад цусан суулга, А вируст гепатит, сальмонеллёз, гар хөл амны өвчин зэрэг гэдэсний халдварууд зонхилон тохиолдож байна.
Үүсгэгч: Олон төрлийн нян, вирүс, тэдний ялгаруулдаг хор. Гэдэсний халдварт өвчин үүсгэгчид дулаан ба чийгтэй орчинд ялангуяа сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, усанд хурдан үрждэг.
Хөрсөнд 2-4 сар, хоол хүнсэнд 2-62 хоног, сүүнд 2-17 хоног, тарганд 6-15 хоног, мах махан бүтээгдэхүүнд удаан хугацаагаар хадгалагддаг.


Өвчний эх уурхай: Гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн хүн, гэдэсний халдварт өвчнөөр өвдөөд дутуу эмчлэгдсэн хүн
Дамжин тархах зам: Өвчтэй хүн, халдвар тээгчийн өтгөн, бөөлжис, шээсээр өвчний нян гадаад орчинд ялгарч хөрс, ус, хоол хүнс, орчны эд юмсыг бохирдуулаад хоол, унд, бохир гараар дамжин хүний биед орно.
Өвчин үүсгэгч нян нь амаар дамжин хоол боловсруулах замд орж, эрчтэй үржиж эхэлснээр гэдэсний ханыг гэмтээж, их хэмжээний хор ялгаруулдгаас өвчин үүснэ. Өвчин үүсгэгч нян ходоод гэдэсний аль хэсгийг гэмтээснээр илрэх шинж тэмдэг нь өөр өөр байдаг. Үүнд:
- ходоодны хурц үрэвслийн үед бөөлжилнө
- нарийн гэдэсний үрэвслийн үед гүйлгэнэ
- ходоод нарийн гэдэсний хавсарсан үрэвслийн үед нь бөөлжинө, гүйлгэнэ
- бүдүүн гэдэсний үрэвслийн үед өтгөн цустай гарна
- нарийн-бүдүүн гэдэсний үрэвслийн үед бөөлжинө, гүйлгэнэ, өтгөн цустай гарна зэрэг олон хэлбэрээр явагддаг.
Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараахь
Хүнсний аюулгүй байдлыг хангах 5 түлхүүр зөвлөмжийг ахуй амьдралдаа мөрдөх хэрэгтэй.
Түлхүүр 1. Цэвэр байх нь нян, бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ.
- Гараа угаах
- Хоол бэлтгэх, идэхийн өмнө
- Боловсруулаагүй хүнсний зүйлд хүрэхийн өмнө ба дараа
- Бие зассаны дараа
- Хоол бэлтгэхэд хэрэглэгдсэн сав суулга, бүх зүйлийг угаах
- Гал тогоонд шавьж, шимэгч бусад амьтан орохоос урьдчилан сэргийлэх
- Суулгалт болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн хүнийг гал тогоонд ойр байлгахгүй байх
- Ахуйн цэвэрлэгээний материалыг хоол бэлтгэдэг орчноос хол байлгах
Түлхүүр 2 . Боловсруулсан болон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь байлгах нь нян, бичил биетнүүд дамжихаас сэргийлнэ.
- Түүхий мах, далайн гаралтай хүнсний зүйлийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах.
- Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах.
- Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших.
- Ундны ус бохирдохоос сэргийлэх.
Түлхүүр 3. Хоол хүнсийг гүйцэд болгоход нян, бичил биетнүүд идэвхгүйждэг.
- Хоол, хүнсийг зааврын дагуу гүйцэд болгон хэрэглэх
Түлхүүр 4. Хоол хүнсийг зохих хэмд зөв хадгалах нь нян, бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ.
- Болгосон хоолыг удаалгүй идэх ба тасалгааны температурт 2 цагаас илүү хадгалахгүй байх.
- Хүнсний бүтээгдхүүнүүдийг зохих зааврын дагуу хөргөгчинд хадгалж байх
Түлхүүр 5. Цэвэр аюулгүй ундны ус, хүнснийг зөв хэрэглэх
- Ундны цэвэр ус хэрэглэх.
- Усыг буцалгаж хэрэглэх.
- Ус авах, хадгалах, хадгалсан ус түгээхдээ савыг цэвэр байлгах.
- Хүнсний ногоог угааж, чанаж хэрэглэх.
- Жимсийг угааж, хальсалж хэрэглэх.
Цэвэр, аюулгүй хүнсний зүйлсийг сонгож, гэмтсэн, муудсан, хөгцөрсөн хүнсний зүйлээс татгалзахыг тус тус зөвлөж байна.

Sunday, June 21, 2015

Агаарын бохирдол, хүний эрүүл мэндэд нөлөөлж хэрхэн нөлөөлж байгааг статистик судалжээ
Хүний хамгийн үнэт эрдэнэ нь эрүүл мэнд юм. Хүн амьтаны эрүүл явах үндэс бол цэвэр агаараар амьсгалах. Хүн хоол тэжээлгүйгээр хэдэн хоног явж чадах боловч хүчилтөрөгчгүйгээр хэдэн хоромч байж чадахгүй. Тайван байдалд эрүүл хүн нэг минутанд 8-10литр, цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг бол биеийн хүчний ачааллын үед 20,0 мянган литр хүртэл өсч болно.
Агаарын бүтэц шинж чанар өөрчлөгдөхийг агаарын бохирдол гэдэг бөгөөд энэ хүний эрүүл мэнд, экосистд /байгаль,хүн хооронд/ таагүй нөлөө үзүүлдэг. Агаарын бохирдолт байгалийн ба хүний гаралтай байж болно.


Байгалийн гаралтай агаарын бохирдол нь байгалийн үйл явцаар үүсэх бөгөөд үүнд галт уул дэлбэрэх,уулын чулуулаг элэгдэх, ургамал хэт их цэцэглэх, /хөл газрын ургамал- энгийн яриагаар хогийн ургамал гэж нэрлэдэг шарилж, лууль / ойн болон гал түймрийн утаа гэх мэт хамаарна.
Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй агаарын бохирдол нь үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны явцад янз бүрийн хорт бодис агаарт хаягдснаас үүсдэг. Энэ нь цар хүрээгээрээ байгалийн гаралтай агаарын бохирдолыг давдаг.

Агаар бохирдуулах эх үүсвэрүүд гэвэл: сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа хүн амын механик хөдөлгөөн ихэссэнээс гэр хороолол тэлж, хотын нягтрал нэмэгдсэн.
Хот дотор шинээр баригдаж байгаа байшин барилгын хоорондын зай багасч, агаарын урсгалыг сааруулж, бохирдлын сарнилтыг саатуулж байгаа.
Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг түгээмэл тохиолддог ба бүх насныхан өртдөг нь тодорхой үүний дотор хүүхэд, өндөр настнууд , мөн дархлаа султай өвчлөмтгий хүмүүс архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртдөг. Агаарын бохирдлыг хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллөөр нь хурц ба архаг гэж 2 ангилдаг.

• Хурц нөлөөлөл гэдэг нь агаар бохирдуулаж байгаа хорт бодисын хольцууд нь /концентрацаар/ өндөр идэвхээр богино хугацаанд хүн, амьтан, ургамлын амьдрах үйл ажиллагаанд хорт нөлөө үзүүлэхийг хэлнэ.
• Архаг нөлөөлөл гэдэг нь агаар мандалд байгаа хорт бодисууд бага идэвхээр удаан хугацааны турш хүн, амьтан, ургамлын амьдрах үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхийг хэлнэ.
• Архаг нөлөөллийг өвөрмөц ба өвөрмөц бус архаг нөлөөлөл гэж ангилдаг. Өвөрмөц архаг нөлөөлөл гэдэг нь хорт бодис дангаараа тодорхой эрхтэн системийг гэмтээж бие даасан өвчин үүсгэнэ. /тоосжилт/
• Өвөрмөц бус архаг нөлөөлөл нь хорт хольцууд ямар нэг өвчнийг сэдрээх хүчин зүйл болдог.

Гадаад орчны агаарын бохирдол, хүн амын эрүүл мэнд
Олон улсад хийсэн судалгаагаар хүрээлэн буй орчны бохирдол нь оршин суугчдын өвчлөлийг нэмэгдүүлэх, хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжилд сөрөг нөлөөлж, дархлалын түвшинг бууруулдаг болохыг тогтоосон байгаа . Үүнд:

1. Өвчлөлийг нэмэгдүүлэх

• Амьсгалын эрхтний эмгэг /Цочмог ларингит, Архаг бронхит, тонзиллит, аденойдит, уушги, гуурсан хоолойн бөглөрөлтөт хэлбэрийн архаг үрэвсэл
• Харшлын эмгэг ( харшлын гаралтай нүд, чих хамрын хоолойн хөндийн үрэвсэл, багтраа, арьсны эмгэг)
• Зүрх судасны өвчин (Зүрх судасны өвчний тархалт өндөр байх, зүрхний үйл ажиллагааны хямрал, дутагдал, төрөлхийн гажиг, зүрхний ишеми)
• Удамшлын эмгэг, төрөлхийн гаж хөгжил
• Хавдар
• Нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх)

2. Бие махбодын өсөлт, хөгжилтөд сөрөг нөлөөлнө

• Өндөр, жин, цээжний тойргийн хэвийн харьцаа алдагдах
• Таргалах, турах
• Биеийн галбир өөрчлөгдөх

3. Бие махбодын физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлнө

• Уушгины үйл ажиллагаа алдагдана

• Оюуны ажиллах чадвар

• Мэдрэхүй-хөдөлгөөний хурд өөрчлөгдөнө
• Цусны даралт, судасны цохилт өөрчлөгдөнө

4. Дархлалын түвшинг бууруулна

• Биеийн ерөнхий эсэргүүцлийг сулруулах

Хүний Амьсгалын эрхтнүүд нь байгалиасаа өөрийгөө цэвэрлэх, хамгаалах, хоргүйжүүлэх үйл ажиллагаатай тэр хоорондоо нарийн өндөр уялдаатай явагдаж, бие махбодыг бүрэн хамгаалж заяасан байдаг .
Гэтэл агаарын бохирдол, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн нөлөөгөөр дээрх үүргээ гүйцэтгэж чадахгүй болдог байна.
Зүрх судасны өвчин нь тахир дутуу болох, эрт нас барах өндөр эрсдэлтэй бөгөөд эрүүл мэндийн статистикийн мэдээгээр манай улсад зүрх судасны өвчний өвчлөл нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нас барж буй 3 хүн тутмын нэг нь зүрх судасны өвчний улмаас эндэж байна.

Орчны бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг илтгэх нэг үзүүлэлт бол хүүхдийн зүрх судасны үйл ажиллагааны алдагдлын өөрчлөлт өвчин гэж үзэж байна.
Агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийн үзүүлэлтүүд, дархлааны байдалд үзүүлэх нөлөөлийг судлаж үзэхэд Улаанбаатар хотод 1998-2000 онд судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд өсөлт, хөгжлийн хэвийн харьцаа алдагдаж, өндөр, жин нэмэгдэж, цээжний тойргийн хэмжээ багассан нь тогтоогдсон байна.

Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр Улаанбаатар хотод амьсгалын эрхтний өвчлөл жилээс жилд нэмэгдэж, Нийслэл хотод амьсгалын эрхтний өвчлөл нийт өвчлөлийн 23.4-24.4 хувийг эзэлж байна (10). Хүүхдийн өвчлөлийн ерөнхий бүтцэд амьсгалын эрхтний өвчлөл 1-р байр эзэлдэг бөгөөд агаарын бохирдол ихтэй газар түүний эзлэх хувь нэмэгдэж байна. Судлаач Б.Бурмаа (1998, 2001), Н.Сайжаа (1992, 2004) нар Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, тухайлбал хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслийн нэг шалтгаан болж буйг судлан тогтоожээ.

Мөн Улаанбаатар хотын хүүхдүүд хөдөөгийн хүүхдүүдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж байна гэдгийг судалгаар тогтоосон байна.
Улаанбаатар хотод ийнхүү амьсгалын замын өвчлөл өндөр байгаа нь хотын агаар дахь тоосны хэмжээ, хүхэрлэг хийн агууламжтай шууд хамааралтай байхад хөдөөгийн хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл нь бохирдуулагчийн нөлөөтэй бус харин цаг уурын хүчин зүйлтэй хэт даарах, халууцах/илүү хамааралтай байгааг илрүүлжээ. Тухайлбал Улаанбаатар хотын 0-16 насны хүүхдүүд багтраагаар өвчлөхөд нөлөөлж буй олон хүчин зүйлийн дотор тоосны үзүүлэх нөлөө 56.5 хувь байна (Б.Бурмаа, 2001).

Томоохон хотуудын хүн амын өвчлөлд суурьшил ахуйн орчны эрсдэлт хүчин зүйлиин нөлөөллийг судалж үзэхэд агаарын найрлага дахь нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл, хөрсний бохирдолтоос үүсэх хар тугалга нь дагнасан буюу хавсарсан байдлаар нөлөөлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байдаг. / Н. Сайжаа /
Амьсгалын замын өвчлөлийн 24.9% нь хамгийн их болон бага температурын улмаас намрын улиралд үүсч байсан бол өвлийн улиралд энэ өвчлөлийн 13.3% нь салхины хурд, азотын давхар исэл болон харьцангуй чийгийн улмаас үүссэн байна. Тэгвэл зүрх судасны өвчлөлийн хувьд намар 8.7%, өвөл 8.3% нь хамгийн их, бага температурын улмаас үүсчээ (А.Энхжаргал, 2006).

Агаарын бохирдлын улмаас Улаанбаатар хотын хүүхдүүдэд зүрх судасны системийн функциональ үйл ажиллагааны өөрчлөлтүүд илэрч байна. Хүүхдүүдэд амьсгал, зүрх судасны үйл ажиллагааны сорил хийхэд уушгины амьдралын багтаамж багасах, артерийн бага даралтын хувьд хэвийн бус хариу урвал үзүүлэх, судасны цохилтын тоо цөөрч байгаа нь тогтоогдлоо (5, 6). Мөн Улаанбаатар хотын (677) хүүхдүүдэд хийсэн зүрхний цахилгаан бичлэгийн дүнгээр эрүүл хүүхдүүдэд зүрхний булчингийн агшилт, цахилгаан дамжуулах чанар өөрчлөгдөж, зүрхний цохилт олшрох, цөөрөх зэрэг үйл ажиллагааны өөрчлөлтүүд илэрсэн бөгөөд үүнд эцэг эхийн боловсрол, өрхийн орлого, халдварт өвчнөөр өвчилсэн байдлаас гадна, агаарын бохирдол нөлөөлж байгааг илрүүлжээ.
Хар тугалга нь бараг бүх эрхтэн, тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохирдуулагч хортой бодис юм. Энэ нь мэдрэл, бөөр, цус бүтээх, нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг нөлөөлж, хүүхдийн өсөлтийг саатуулдаг. Хар тугалгыг мэдрэлийн хор гэж нэрлэдэг бөгөөд хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай. Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж 16мкгр/дл байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс илүү байна (О.Байгаль, Б.Бурмаа нар, 2005./

Дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэнд

Дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэр : гадаад орчноос тусгаарлагдсан бидний гэрийн болон албан тасалгаан доторхи агаарыг дотоод орчны агаар гэж хэлнэ.

• Гадаад орчны агаарын бохирдол
• Гал түлэх
• Тамхи татах
• Эрүүл ахуй, ариун цэврийн ерөнхий нөхцөл
• Барилгын материал болон тавилгыг хийсэн материалууд/ цавуу ихтэй шахмал модон материал, будаг гм/
• Агааржуулалтын байдал/ агааржуулалтын системгүй байх/

Ж нь 2 дүүргийн 2-8 насны хүүхдийн дунд хийсэн Судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн 77.8 хувьд багтраа, бронхит, харшлын шинж тэмдгүүд илэрсэн байна. Энэ нь гэрийн дотоод орчны агаар бохирдуулагч тоосны ширхэгүүд илүүтэй нөлөөлдөг болохыг судлан тогтоожээ. /Г.Энхжаргал,2001 он/ Түүнчлэн гэр буюу энгийн галлагаатай сууцанд амьдарч буй хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчний шинж тэмдэг орон сууцанд амьдардаг хүүхдийг бодвол илүү илэрч байжээ. Агаарын бохирдолт нь амьсгалын замын эрхтэний өвчлөлд нөлөөлөхөөс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийн 20-27 % нь эрт хожуу хордлоготой, нийт төрсөн хүүхдийн 3,2-3,6% нь хүчилтөрөгчийн дутагдал, амьсгалын замын хямралтай төрж байна. Гэсэн судалгаа манайд байдаг.

Улаанбаатар хотын хүн амын өвчлөл, 2007 - 2010 он

Агаар бохирдолтой байх нь амьсгалын зам, цусны эргэлтийн тогтолцоо, хавдар үүсэхэд нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдсан билээ.
Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судас болон амьсгалын замын өвчлөл эхний байруудад орж байна сүүлийн 5 жилийн статистик үзүүлэлтээс/ амьсгалын тогтолцооны өвчин 10.000 хүн амд 2007 онд 729,69 байсан 2010 онд 954.82 болж, 225.13-тохиолдлоор , ЦЭТ өвчлөл 2007 онд 563,23 байсан 2010 онд 648.06 болж, 84.83 – тохиолдолоор нэмэгдсэн гэсэн үзүүлэлтэй байна.

Зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчлөлийн динамикаас харахад буурах хандлага ажиглагдахгүй байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Нөгөө талаар агаарыг бохирдуулагч бодисууд нь бие махбодийн өвөрмөц бус дархлалын урвалыг өвчилж гадны эмгэг төрөгч нянгуудыг эсэргүүцэх чадварыг сулруулж хүн амын өвчлөл ялангуяа арьсны болон харшилт өвчин үүсэх нөхцөл болж байна.

2007 онд -323,07 байсан 2010 оны өвчлөлтэй харьцуулан үзэхэд 403.58 өвчлөл 80.51 нэмэгдсэн. ДЭМБ –ын мэдээгээр дэлхийд жил бүр 10сая хүн хорт хавдраар өвчилж, 7 сая хүн нас барж байна. Манай улсад 100.000 хүн амд ноогдох хорт хавдрын өвчлөл 2007 онд 128,95 байсан 2010 онд 160.63 болж, нас баралт 94,4- 105,18 болж өсч байна.
Улаанбаатар хотын хүн амын нас баралт Агаарын бохирдлын нөлөөгөөр дэлхийд жил бүр 1.6 сая хүн амьсгалын замын өвчлөлөөр нас барж байна. Дэлхийн хүн амын дунд тохиолдож буй нийт өвчлөлийн 2.7 хувийг агаарын бохирдлын улмаас үүссэн өвчлөл эзэлж байна гэж мэдээлсэн байна.
(ДЭМБ, 2006).

Манай улсын хүн амын нас баралтын шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар болон осол гэмтлийн шалтгаант нас баралт тогтмол эхний байруудыг эзэлж жил ирэх тутам эдгээр өвчний улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна.
УБ хотын НЭМГ-ын 2010 оны статистик судалгаанаас харахад өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаанд

1. Цусны эргэлтийн тогтолцооны өвчин /1000 хүн амд 2.17/
2. Гадны шалтгаант өвчлөл ба үхэл /1000 хүн амд 1.35/
3. Хавдар /1000 хүн амд 1.41/
4. Хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчин /1000 хүн амд 0.58/
5. Амьсгалын тогтолцооны өвчин /1000 хүн амд 0.22/

Monday, June 1, 2015

Таны өдрийн давсны хэрэглээ 5гр-аас хэтрэх ёсгүй




-
Таны өдрийн давсны хэрэглээ 5гр-аас хэтрэх ёсгүйАмьдралын зөв хэвшилд
Алхам алхмаар

Давс

Та давс хэтрүүлэн хэрэглэдэг үү? Магадгүй үгүй гэж хариулах байх. Гэвч насанд хүрсэн монгол хүний давсны хоногийн дундаж хэрэглээ 7,3гр гэсэн статистик үзүүлэлт гарсан нь та давс хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн үг юм. Насанд хүрсэн хүн өдөрт 5гр-аас бага давс хэрэглэх ёстой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна. Энэ нь нэг жижиг цайны халбага ч хүрэхгүй хэмжээ юм.

Давсны хэрэглээг багасгах ямар ач холбогдолтой вэ?

  • Цусны даралт буурна.
  • Даралт буурснаар наснаас тань үл хамааран зүрх судасны өвчин үүсэх, цус харвалтаас сэргийлнэ.
  • Хэрэв та даралт ихтэй бол хоолынхоо давсыг жаахан хасахад л дөрвөн долоо хоногийн дараагаас эхлэн үр дүнг нь мэдрэх болно.
  • Таны амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдрэх болно.
 Бидний идэж буй давсны ихэнх нь худалдан авдаг талх, хиам, дарсан өргөст хэмх, кетчуп, европ бяслаг, лаазалсан бүтээгдэхүүн, чипс, самар зэрэгт агуулагддаг гэдгийг санаарай.

Давсны хэрэглээг бууруулах арга

  • Бага насны хүүхдэд эхнээс нь давс, сахаргүй хоол өгч хэвшүүлээрэй.
  • Давсгүй цай ууж заншихаас гадна хүнс, хоол бэлдэхдээ давсны хэмжээг өдөр өдрөөр, бага багаар бууруулаарай.
  • Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгыг сонголт хийхээсээ өмнө сайн унших нь зүйтэй. Жишээ нь, 100гр бүтээгдэхүүнд 0,3гр болон түүнээс бага хэмжээтэй давс агуулсан бол хэвийн гэж үздэг.
  • Импортын зарим бүтээгдэхүүний шошгон дээр давсны хэмжээг биш, натрийн хэмжээг "Na" гээд ард нь бичсэн байдаг. Ийм тохиолдолд 100граммд 0,1гр ба түүнээс бага хэмжээтэй "Na" агуулсан бүтээгдэхүүнийг нь сонгоорой.
  • "No added salt" гэсэн бичигтэй буюу давс нэмээгүй лаазалсан ногоо, ургамлыг сонгож хэрэглэх нь хамгийн тохиромжтой.
  • Лаазалсан мах, шууз, давсалсан загас, европ бяслаг, утсан мах, хиам, нөөцөлсөн ногоо, давсалсан амттан (самар) гэх мэт хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгаарай.
  • Гадуур хооллох үедээ тогооч, зөөгчид давс багатай хоол идэх сонирхолтой байгаагаа хэлээрэй.
  • Лаазалсан загас, давслаг амтлагч болох жан, цуу, гич, улаан лоолийн сүмс зэргийн хэрэглээг хязгаарлаарай.
  • Хоол чанах, амтлахдаа нимбэг, сонгино, сармис, цагаан гаа, халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана болон бусад төрлийн ургамлын гаралтай амтлагч хэрэглэж заншаарай.
  • Хоол идэхдээ эхэлж амталж үзээд, давс нэмэхгүй байх нь зүйтэй.
  • Хатаасан жимс, ногоо, давсалаагүй самар зэрэг амттанг тогтмол хэрэглэж хэвшээрэй.
 

Эрүүл хооллолт гэж юу вэ?

Эрүүл хооллолт гэж юу вэ?Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш юм. Харин хоол, хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах явдал билээ. Эрүүл хооллолт нь хоол хүнсээ зөв танин мэдэх, зөв хооллох дадалд суралцах, эзэмшихээс эхлэх бөгөөд Таны юу идэж байгаа төдийгүй, ямар хэмжээгээр идэж байгаагаас ихээхэн шалтгаална. Хоол хүнснийхээ зүйлийг зөв сонгож, зохистойгоор хэрэглэх нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгах төдийгүй, сэтгэл санааны хямралд орохоос урьдчилан сэргийлж чадна. Үүний зэрэгцээ зөв хооллож сурснаар Таны эрүүл мэнд, ой ухаан сайжирч, эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа тань тогтвортой болно.

 Эрүүл, зөв хооллох үндсэн зөвлөмж
  1. Эрүүл хүнсний талаар мэдлэгтэй байж, эрүүл хооллох дадал эзэмших, шийдвэр гаргах сэтгэлзүйн бэлтгэлтэй байх
  2. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдхүүнийг давамгайлан хэрэглэх
  3. Хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнх хэсэг нь цардууллаг байхаас гадна эслэг агуулсан байх хэрэгтэй.
  4. Төрөл бүрийн жимс,жимсгэнэ, хүнсний ногоог илүү их хэрэглэх
  5. Сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны мах, ногоон өнгийн навчит ургамал зэрэг кальц ихээр агуулдаг бүтээгдхүүнийг түлхүү хэрэглэх
  6. Өөх тос, сахарын хэрэглээг хязгаарлах
  7. Давсыг бага хэрэглэх
  8. Хөдөлгөөний хомсдолгүй, илүүдэл жингүй байх
  9. Ус ихээр хэрэглэх
  10. Өглөөний цайгаа заавал уух

Thursday, April 23, 2015

УЛААНБУРХАН ӨВЧИН ГОЛОМТЛОН ГАРЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭДЭД ӨГӨХ АНХААРУУЛГА


Улаанбурхан  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах чиглэлээр мэргэжлийн байгууллагаас гаргасан дараах зөвлөмжийг өгч байна.

А. Эцэг эхчүүдэд:
1. Хүүхдийг 9 сартай, 2 настайд нь УГУ /улаанбурхан, гахайн хавдар, улаанууд/ вакцинд хамруулах;
2. Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх;
3. Нярай болон бага насны хүүхдийн асаргааг сайжруулж, чийрэгжүүлэх
4. Хүүхдэд амин дэмээр баялаг хоол хүнс өгөх /үзэмний шүүс уулгах, А болон бусад аминдэм өгөх/
5. Гэр орноо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх
6. ;Жирэмсэн эхчүүд өөрийн эрүүл мэндэд анхаарч, биеэ эрүүл, чийрэг байх
7. Хүүхдийг хөхөөр хооллох
8. Насанд хүрэгчид ажил, амралтаа зөв зохицуулан, өөрийн эрүүл мэндэд анхаарах


Анхааруулга: Улаанбурхан өвчин нь агаар дуслын замаар халддаг учир олон нийтийн газраар явахгүй байх. Гэртээ агааржуулалт тогтмол оруулж, чийгтэй цэвэрлэгээ хийж байх. Хүүхдүүдээ вакцинд нь хамруулах.

Thursday, January 15, 2015


Ясны сийрэгжилт гэж юу вэ?

Тодорхойлолт: Яс сийрэгжих өвчин нь ясны эс нарийсч, ясны сийрэг байдал алдагдах өвчин юм.
Шинж тэмдэг:Уг өвчний эхэн үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Дараах шинж тэмдэгүүд өвчний хожуу үед илэрнэ. Үүнд:
•    Яс өвдөх, янгинах
•    Яс хугарах эсвэл гэмтэх
•    Өндөр хасагдах (15 см-ээс дээш намсах)
•    Нурууны ясанд гарсан хугарлаас үүдэн нурууны доод хэсгээр өвдөх
•    Нурууны ясанд гарсан хугарлаас хүзүү өвдөх
•    Нуруу бөгтийх
Шалтгаан, эрсдэл Яс сийрэгжих өвчин нь ясны өвчлөлүүдийн дундаас хамгийн түгээмэл аж.Судлаачид 50-аад насны 5 Америк эмэгтэй тутмын 1 нь яс сийрэгжих өвчинтэй байдаг гэж тогтоожээ. Мөн 50-аас дээш насны эмэгтэйчүүдийн бараг тэн хагас нь сүүж, бугалга, нугалам (нурууны яс)- ны ясандаа хугаралтай байжээ.Ясны сийрэгжилт нь бие хангалттай шинэ яс төлжүүлж чадахгүй байх, хэтэрхий их хуучин яс биенд дахин шингэх  эсвэл энэ хоёр шалтгаанаас хоёулангаас нь болж үүсдэг байна.Кальц болон фосфор нь ясны хэвийн төлжилтөнд нэн чухал эрдэс бодис юм. Хүүхэд байх үед тань таны бие эдгээр эрдэс бодисыг ашиглан ясаа төлжүүлдэг байна. Хэрэв та хангалттай кальци авдаггүй эсвэл таны бие хоол хүнснээсээ хангалттай кальци шингээж авдаггүй бол ясны төлжилт болон хэвийн бус болно.Насжих тусам кальц болон фосфор нь яснаас биенд шингэдэг. Энэ нь ясны эдийг хэврэг болгодог аж. Үүнээс болж гэмтэл учраагүй байхад хугардаг, хэврэг, бутархай яс үүсдэг байна. Ихэнхдээ уг өвчин нь аажмаар үүсдэг. Ихэнх тохиолдолд өвчтөн өвчин үүссэн гэдгийг мэдэхээс өмнө хугаралтай болсон байдаг. Хугаралтыг илрүүлэх үед өвчин хүнд үедээ орсон байх бөгөөд маш их гэмтсэн байдаг. Ясны сийрэгжилт үүсэх гол шалтгаан нь эмэгтэйчүүдийн цэвэршилтын үед эм даавар буурсанаас, эрэгтэйчүүдийн эр даавар багасах явдал юм. 50-с дээш насны эмэгтэйчүүд, 70-с дээш насны эрэгтэйчүүд яс сийрэгжих өндөр эрдэлтэй бүлэгт хамаардаг.
Бусад шалтгаан:
•    Унтаж амрахгүй байх
•    Архаг үений өвчин, архаг бөөрний өвчин, буруу хооллох
•    3 сараас илүү хугацаагаар өдөр бүр үе мөчний эм уух
•    Гүйлсэн булчирхай томрох
Ялангуяа сийрэгжилтийн удамшилтай цагаан арьстай эмэгтэйчүүд ясны сийрэгжилт өвчнөөр өвдөх дундаж эрсдэлээс илүү өндөр  эрсдэлтэй байдаг.
Эрсдэлийн бусад хүчин зүйл:
•    Удаан хугацаагаар сарын тэмдэг ирэхгүй байх
•    Согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэх
•    Түрүү булчирххйн эсвэл хөхний хорт хавдарын үед гормоны эмчилгээ хийлгэж байсан
•    Бага жинтэй байх
•    Тамхи тататх
•    Хоол хүнснээсээ хангалттай кальц авч чадахгүй байх зэрэг орно.
Оношлогоо, эмчилгээ
Ясны эрдэсийн нягтралийн шинжилгээрээр (нягтшил хэмжигч эсвэл ДЕКСА аппарат) таны яс хэр сийрэгжилттэй байгааг хэмждэг. Эмнэлгийн мэргэжилтэнгүүд энэ шинжилгээний дүнгээс ирээдүйд таны яс хугарах эрсдэлийг тодорхойлдог.
Тусгай нурууны “Си Ти”-гээр нурууны ясны эрдэсийн нягтралын алдагдалыг харж болдог. Ховор тохиолдол тоон тооцооллын томограф буюу QCT—г ашигладаг.
Маш ховор тохиолдолд нуруу болон ташааны рентген зураг авч нурууны ясны хугарал, бутарлыг хардаг. Гэсэн хэдий ч ясны энгийн рентген зураг нь ясны сийрэгжилт үүсгэх магадлалтай байдаг. Хэрэв таны ясны сийрэгжилт нас ахахад үзэгддэг энгийн сийрэгжилтээс илүү хүнд эмнэлгийн тусламж авахуйц гэж үзэж байвал цус, шээсний шинжилгээ өгөх хэрэгтэй.
Эмчилгээ
Ясны сийрэгжилтийн эмчилгээний зорилно:
•    Өвчнөөс үүдэх өвдөлтийн намдаах
•    Сийрэгжилтийг удаашруулах,зогсоох
•    Ясыг бэхжүүдэг эмээр яс  хугарахаас сэргийлэх
•    Хугарал үүсэх эрсдэлийг багасгах зэрэг юм.
Ясны сийрэгжилтийг эмчлэх амьдралын хэв маяг өөрчлөх, эм уух зэрэг олон янзын эмчилгээний арга байдаг.
Яс бэхжүүлэгч эмүүдийг
•    Ясны сийрэгжилт ясны нягтаршилын шинжилгээгээр тогтоогдсон
•    Ясны нягтаршлын шинжилгээгээр тогтоогдсон, ясны хугарал илэрсэн тохиолдолд хэрэглэнэ.
Бисфосфонат
Бисфосфонат төрлийн эмнүүдийг голдуу эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед тохиолдох ясний сийрэгжилтээс сэргийлэх, эмчлэхэд хэрэглэдэг.
•    Бисфосфонатын төрлийн эмүүд нь алендронат (фосамакс), ибандронат (бонива), риседронат (Актонел) агуулсан байдаг бөгөөд ууж хэрэглэнэ. Ихэнхдээ долоо хоногт 1 эсвэл сард 1 удаа уудаг.
•    Бисфосфонат венээр (судсаар) хийх нь тун ховор.
Кальцитонин
Кальцитонин нь сийрэгжилт болон өвдөлтийн хэмжээг намжаадаг эм юм. Үүнийг хамрын цацлага эсвэл тариагаар хийдэг. Цацлаганаас болж хамар салст загатнах, тарианаас үүдэн огих зэрэг гаж нөлөөнүүд илэрнэ.
Кальцитонин нь бисфонатаас үр дүн багатай байдаг.
Гормон суулгах эмчилгээ
Эм даавар буюу гормон суулгах эмчилгээг ясны сийрэгжилтээс сэргийлэхэд ховор хийдэг бөгөөд яс сийрэгжилтийг эдгээдэггүй аж.
Заримдаа хэрэв эстроген үр дүнгээ өгч байвал эмч гормоны эмчилгээг үргэлжлүүлэхийг санал болгох бөгөөд тухайн эмэгтэй ясны сийрэгжилтээс сэргийлэх, эмчлэх бусад төрлийн эм ууж болохгүй. Хэрэв та ясны сийрэгжилтээс сэргийлэх гормоны эмчилгээ хийлгэхээр төлөвлөж байгаа бол үүсч болох эрдэлийн талаар эмчтэйгээ ярилцаарай.
Гүйлсэн булчирхайн гормон
Терапаратид (фортео)-г хүнд шатны ясны сийрэгжилттэй, яс хугарах өндөр эрсдэлийн бүлэгт хамаардаг цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдийн эмчилгээнд хэрэглэдэг. Уг эмийг өдөр бүр тариагаар хийдэг. Гэрээрээ хийж болно.
Ралоксифин
Ралоксифин (эвнета)-г ясны сийрэгжилтээс сэргийлэх, эмчлэхэд хэрэглэдэг. Ралоксифин нь хөхний хорт хавдарын үед хэрэглэдэг томаксифинтэй төстэй. Уг эм нь нурууны яс хугарлыг бараг 50%-аар бууруулдаг боловч сүүжний гэх мэт буюу ясанд үүсэх хугарлаас сэргийлдэггүй аж. Уг эм нь зүрхний өвчин, хөхний хорт хавдараас сэргийлэх үйлчилгээтэй боловч илүү судалгаа, шинжилгээ шаардлагатай байна. Ралоксифинээс үүдэн гарч болох хамгийн аюултай гаж нөлөө нь хөхний вен эсвэл уушгинд цусан бүлэн үүсэх явдал юм.
Дасгал  хөдөлгөөн
Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь ясны сийрэгжилттэй хүмүүсийн яс хугарах эрсдэлийг бууруулдаг. Санал болгож буй дасгалууд:
•    Жин барих дасгал- алхах, удаан гүйх, теннис тоглох, бүжиглэх
•    Эсэргүүцэх дасгал-хүчний дасгал хийх, туухай өргөх
•    Тэнцвэржүүлэх дасгал-тай чи, иог
•    Дугуй унах
•    Сэлүүрт завиар явах
Хугарал үүсгэж болзошгүй аливаа унах эрсдэлтэй, их нөлөө үзүүлдэг дасгал хийхээс зайлсхийх хэрэгтэй.
Хоолны дэглэм
Өдөрт дор хаяж 1200 мг кальц, 800-1000 нэгж D3 витамин авч байх хэрэгтэй. Витамин D нь кальци шингэхэд  дэмжлэг үзүүлдэг аж. Эмч таны шаардлагатай кальц витамин D-г нэмж уухыг зөвлөж магадгүй.
Зохих хэмжээний кальци, витамин D, уураг агуулсан хоолны дэглэм барих хэрэгтэй. Дэглэм барьж байх зуур ясны сийрэгжилт бүрэн зогсохгүй ч хэрглэж буй нэмэлт бодисоор дамжуулан төлжих, уг байдлаа хадгалах дэмжлэг үзүүлэх боломжтой. Кальцийн агууламж ихтэй хүнс:
•    Бяслаг
•    Зайрмаг
•    Навчлаг ногоон ургамал. Жишээ нь: буудай, ногоон буурцаг
•    Тослог багатай сүү
•    Хулд загас (салмон)
•    Сардин загас (ястай)
•    Дүүнүү
•    Тараг
Хорт зуршлаасаа татгалз
Тамхи татдаг бол тамхинаасаа гар. Согтууруулах ундаа хэрэглэдэг бол ундаагаа хязгаарла. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны ясыг гэмтээхээс гадна яс хугарах, бэртэх эрсдэл оруулдаг.
Унахаас сэргийл
Унахаас сэргийлнэ гэдэг эргэлзээтэй. Тайвшруулах эмнээс татгалзах, гэрийнхээ аюул болохуйц зүйлийг зайлуулах зэрэг нь унах эрсдэлийг багасгадаг. Хараагаа сайн эсэхээ шалгаарай. Унахаас сэргийлэх бусад аргууд:
•    Цас, мөстэй газраар  ганцаараа алхахгүй байх
•    Ванны өрөөндөө хориглогч тавих
•    Таарсан гутал өмсөх
Хянах
Таны эмчилгээг 1-2 жилд авдаг ясны эрдэсийг нягтаршлын шинжилгээгээр хянана.
Эм даавар (эстроген) ууж эмэгтэйчүүд тогтмол хөхний рентген зураг, аарцагны шинжилгээ өгөх хэрэгтэй.
Мэс ажилбар
Ясны сийрэгжилтийг эмчлэхэд ямар нэгэн мэс ажилбар байдаггүй. Гэхдээ нугаламны ясны мэс ажилбар хийх нэг арга байдаг бөгөөд үүнийг ясны сийрэгжилтээс үүдэн нурууны гол ясанд гарсан жижиг хугаралуудыг эмчлэхэд ашигладаг. Энэ нь мөн таны нугаламны гол ясыг бэхжүүлсэнээр нугалам хэврэгжлээс сэргийлэхэд дэмжлэг үзүүлдэг. Уг арга нь хугарсан эсвэл хэврэгшсэн хэсэгийг тариагаар хурдан хатуурдаг цавуу хийх арга юм. Үүнтэй төстэй мэс ажилбар байдаг бөгөөд цавуу шаардлагатай бөмбөлөг ашиглан өргөсгөж, зай гаргахад ашигладаг байна. (ажилбарын үед бөмбөлөгийг буцаан авдаг)
Хүндрэл
•    Нурууны ясны хугархайнууд шахагдах
•    Хэт хэврэгшсэнээс болж хөгжлийн бэрхшээлтэй болох
•    Сүүж болон бугалганы яс хугарах
•    Сүүжний яс хугарсанаас явж чадахгүй болох
Сэргийлэлт
Кальц нь ясны бүтэц, эрүүл байдалд нэн чухал. Витамин D мөн хэрэгтэй учир энэ нь таны бие кальцийг шингээж авахад дэмждэг аж. Эрүүл, тэнцвэртэй хооллох нь таньд эдгээр болон бусад чухал шим тэжээлтэй бодисыг амьдралынхаа турш авахад туслана.
Сэргийлэх бусад аргууд:
•    Согтууруулах ундаа хэт их хэрэглэхээс татгалзах
•    Тамхи татахгүй байх
•    Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
Мөн нилээд хэдэн жилийг ясны сийрэгжилтээс сэргийлэхэд зарцуулахад шаардлагатай  байдаг.