Таны өдрийн давсны хэрэглээ 5гр-аас хэтрэх ёсгүй
Амьдралын зөв хэвшилд
Алхам алхмаар
Алхам алхмаар
Давс
Давсны хэрэглээг багасгах ямар ач холбогдолтой вэ?
- Цусны даралт буурна.
- Даралт буурснаар наснаас тань үл хамааран зүрх судасны өвчин үүсэх, цус харвалтаас сэргийлнэ.
- Хэрэв та даралт ихтэй бол хоолынхоо давсыг жаахан хасахад л дөрвөн долоо хоногийн дараагаас эхлэн үр дүнг нь мэдрэх болно.
- Таны амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдрэх болно.
Давсны хэрэглээг бууруулах арга
- Бага насны хүүхдэд эхнээс нь давс, сахаргүй хоол өгч хэвшүүлээрэй.
- Давсгүй цай ууж заншихаас гадна хүнс, хоол бэлдэхдээ давсны хэмжээг өдөр өдрөөр, бага багаар бууруулаарай.
- Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгыг сонголт хийхээсээ өмнө сайн унших нь зүйтэй. Жишээ нь, 100гр бүтээгдэхүүнд 0,3гр болон түүнээс бага хэмжээтэй давс агуулсан бол хэвийн гэж үздэг.
- Импортын зарим бүтээгдэхүүний шошгон дээр давсны хэмжээг биш, натрийн хэмжээг "Na" гээд ард нь бичсэн байдаг. Ийм тохиолдолд 100граммд 0,1гр ба түүнээс бага хэмжээтэй "Na" агуулсан бүтээгдэхүүнийг нь сонгоорой.
- "No added salt" гэсэн бичигтэй буюу давс нэмээгүй лаазалсан ногоо, ургамлыг сонгож хэрэглэх нь хамгийн тохиромжтой.
- Лаазалсан мах, шууз, давсалсан загас, европ бяслаг, утсан мах, хиам, нөөцөлсөн ногоо, давсалсан амттан (самар) гэх мэт хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгаарай.
- Гадуур хооллох үедээ тогооч, зөөгчид давс багатай хоол идэх сонирхолтой байгаагаа хэлээрэй.
- Лаазалсан загас, давслаг амтлагч болох жан, цуу, гич, улаан лоолийн сүмс зэргийн хэрэглээг хязгаарлаарай.
- Хоол чанах, амтлахдаа нимбэг, сонгино, сармис, цагаан гаа, халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана болон бусад төрлийн ургамлын гаралтай амтлагч хэрэглэж заншаарай.
- Хоол идэхдээ эхэлж амталж үзээд, давс нэмэхгүй байх нь зүйтэй.
- Хатаасан жимс, ногоо, давсалаагүй самар зэрэг амттанг тогтмол хэрэглэж хэвшээрэй.
No comments:
Post a Comment