Tuesday, September 22, 2015

Галзуу өвчин
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй  байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээмэл амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлнэ.
Галзуу өвчнийг үүсгэгч вирүс нь чоно, үнэг, хярс, харх, сарьсан багваахай, нохой, муур зэрэг зэрлэг амьтдын нэгээс нөгөөд дамжин халдварлана. Хүн тэдгээр амьтдад хазуулах, шүлстүүлэхэд галзуу өвчин  тусах аюултай. Мөн дээрх амьтдын идээд орхисон малын сэг зэмд галзуугийн вирүс хадгалагдан үлддэг тул гэрийн нохой түүнээс идэж өвчлөх төдийгүй вирүс тээгч болдог. Өөрөөр хэлбэл гэрийн нохойд галзуугийн шинж тэмдэг илрэхгүй боловч хүнийг урах, хазах тохиолдолд халдвар дамжих аюултай.
Илрэх шинж тэмдэг
Халдвар авсанаас хойш өвчний шинж тэмдэг илрэх хугацаа нь 12-100 хоног байх бөгөөд энэ нь уруулсан шархны байрлал, шархны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байна.  Толгой, хүзүүний хавьд бол эхний 10 хоногийн дотор, гар, цээж, их биеийн хэсэгт бол 14-30 хоногийн дотор, хөл, гуяны хэсэгт уруулсан тохиолдолд 1-3 сарын дотор галзуу өвчний анхны шинж тэмдэг илэрнэ.
              Амьтанд хазуулсан болон уруулсан шархны орчмоор улайж хөндүүрлэн үрэвсэж, мэдрэлийн ширхэгийн дагуу хөндүүрлэх, дотор муухайрч бөөлжих, гэрэл, чимээнд цочромтгой болох, хөлрөх, шүлс гоожих, хэл яриа нь тасалдах, хүнээс зугтах, уснаас айх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Галзуугийн сэжигтэй амьтанд хазуулсан, уруулсан үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч уг өвчний эсрэг вакцин, ийлдэс зэргийг тариулах нь өвчин төв мэдрэлийн системд нөлөөлөхөөс өмнөзогсоож халдвар авсан хүний амь насыг аврах боломжтой. Харин ийлдэс, вакцин зэргийг тариулаагүй буюу дутуу тариулсан,  эмнэлгийн тусламж оройтсон  үед тухайн хүний амь насыг аврах боломжгүй юм.  
Сэргийлэлт
  1. Галзуу өвчтэй болон сэжигтэй зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтанд хазуулахгүй байх, хэрэв хазуулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдол гарвал тэр даруйдаа шархыг цэвэрлэн ариутгаж, эмнэлэгт яаралтай хандах, галзуугийн эсрэг ийлдэс, урьдчилан сэргийлэх вакциныг зааврын дагуу цаг алдалгүй тариулвал хүн өвчлөхгүй байж болно. Эмнэлгийн тусламж авах хүртэл шархыг буцалсан бүлээн усаар сайтар савандаж угаан спирт болон иодоор арчина.
  2. Гэрийн тэжээмэл нохой муурыг галзуугийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулна.
  3. Зэрлэг амьтдын дунд галзуугийн өвчлөл ажиглагдвал галзуу өвчний шинжтэй амьтдыг устгах арга хэмжээг зохион байгуулна.
  4. Золбин нохойн тоо толгойг цөөрүүлэх, нохойд хазуулсан бол мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, нохойд шинжилгээ, ажиглалт хийх зэрэг арга хэмжээ авна.
  5. Хүүхдийг нохойгоор тоглуулахгүй байх, золбин муур, нохойг гэртээ оруулахгүй байх
  6. Чоно, нохойн махыг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх 

No comments:

Post a Comment