Monday, July 15, 2013





СУУЛГАЛТ ӨВЧНИЙ АСАРГАА


- Суулгалт өвчин нь ихэнхдээ хүнээс хүнд халдварладаг. Гэвч өвчтэй хүний өтгөнөөр бохирлогдсон хүнсний зүйлс болон усаар дамжин халдварлах нь ч бий.
- Бага насны хүүхдүүд амандаа бохир зүйлс хийх, жорлонд орсны дараа гараа угаалгүй хамт тоглох зэрэгт бие биеэсээ халдвар аван өвдөх нь элбэг.
- Өсвөр насны хүүхдүүд бага насны хүүхдүүдийг бодвол суулгалт өвчнөөр бага өвддөг нь хувийн ариун цэврийг сайн сахиж гараа угаахын ач холбогдлыг ухамсарладагтай холбоотой байдаг. Мөн тухайн үүсгэгчийг бие махбодид нь нэвтрэн ороход түүний эсрэг аль хэдийн дархлаа тогтсон байдаг тул цочмог суулгалттайгаар өвдөх нь бага.
- Суулгалт, бөөлжилт нь бусад эрхтэн тогтолцооны халдварт эмгэгүүд (уушигны хатгалгаа, дунд чихний үрэвсэл г.м), хоолны хордлого мэтийн олон өвчний үед гардаг шинжүүд юм.
Суулгалтын үед ямар шинжүүд илрэх вэ?
Дараах шинжүүд илэрнэ:
- Суулгах: голдуу усархаг байх боловч заримдаа цус, залхагтай байдаг.
- Бөөлжих
- Гэдсээр өвдөх
- Бие сулрах, дотор нь муухайрах, хоолонд дургүй болох
- Халуурах (их өндөр биш)

Дан хөхөөр хооллож буй эрүүл нярайд шингэвтэр баах тохиолдол гардаг. Хэрэв эмгэгээр суулгавал дараах шинжүүд илэрдэг.
- Хөхөө хөхөхгүй дургүйцэх
- Цочромтгой болох
- Унтаарах

2-оос дээш удаа суулгаж байгаа болон бөөлжиж байгаа ямар ч хүүхдийг эмчид үзүүлэн шалтгааныг нь тогтоолгож шингэн алдалтын шинж илэрсэн эсэхийг тогтоолгоно.

Их хэмжээгээр шингэн алдсанаас усгүйжилд ороход эмнэл зүйд ам цангах, шээсний гарц багасан өтгөрөх, хэл уруул омголтож хуурайших шинжүүд илэрнэ. Эдгээр шинж тэмдэг илэрсэн 6 хүртлэх сартай хүүхдэд яаралтай шингэн нөхөх эмчилгээ хийхгүй бол богино хугацаанд хүндрэх аюултай.

Суулгалт өвчнийг яаж эмчлэх вэ?
1. Шингэн нөхөж өг
- Суулгалтын үед хүүхдийн ууж чадах хэмжээгээр шингэн хангалттай уулгах
- Хоолыг сойлгүй ердийн үеийнхээс олон дахин, удаан хөхүүлнэ.
- Шингэн бага багаар ойрхон шимүүлж уулгах
- Хүүхэд бөөлжвөл 10 минут хүлээгээд дахин багаар аажим уулгана
- Суулгалтыг намдтал шингэн хангалттай уулга

Дан хөхөөр хооллож буй хүүхдэд (<6 сар)
- Шингэн сэлбэх давсны уусмал уулгах буюу хөхний сүүн дээр цэвэр буцалсан ус нэмээд угжина.

Холимог хооллолттой хүүхдэд
- Шингэн сэлбэх давсны уусмал болон шинэ бэлтгэсэн хоол буюу буцалсан ус өгөх (шөл, будааны зутан, шинэ тараг)

Ямар хэмжээтэй уулгах вэ?
Ердийнхөөс илүү хэмжээгээр суулгалт бүрийн дараа уулга:
- 2 нас хүртэлх хүүхдэд: 50-100 мл
- 2-оос дээш настай хүүхдэд: 100-200 мл

Шингэн сэлбэх давсны уусмал
Суулгаж буй хүүхдэд уулгахад хамгийн тохиромжтой шингэн бол Шингэн сэлбэх давсны уусмал юм. Учир нь хоол боловсруулах замаар хялбар шимэгдэх боломжтойгоор чихэр, давс, усны орцыг тохируулсан байдаг. Суулгалттай хүүхдийг өрхийн эмч нар үнэ төлбөргүйгээр Шингэн сэлбэх давсны уусмалаар хангах ёстой.

Харин Шингэн сэлбэх давсны уусмал байхгүй тохиолдолд бусад төрлийн шингэнийг шингэлээд уулгаж болно. Гэвч бүх төрлийн хийжүүлсэн ундаа болон жимсний шүүсийг шингэлэлгүй өгөх нь суулгалтыг улам хүндрүүлдэг тул шингэлэхгүй өгч болохгүй. Эдгээр төрлийн уух шингэнд заавал тодорхой хэмжээний ус нэмэх шаардлагатай.

Гэрээр бэлтгэхэд тохиромжтой шингэнүүд:
- 200 мл буцалсан усан дээр 1 цайны халбаг элсэн чихэр хийх
- 6 хуваасны 1-д жимсний шүүс үлдсэн хувьд нь буцалсан ус
- 6 хуваасны 1-д ундаа үлдсэн хувьд нь буцалсан ус

Бага илчлэгтэй болон шингэлээгүй ундаа, жимсний шүүсийг хүүхдэд өгөхгүй байх мөн уух ямар нэгэн шингэнд давс дур мэдэн нэмэхийг хориглоно. Учир нь давсыг хэтрүүлж хийснээр хүндрэлд хүргэх аюултай.

2. Хооллолт
Суулгалттай хүүхдийн хоолыг сойж болохгүй бөгөөд хөхийг ойр ойрхон бага хэмжээгээр өгнө.

- Хүүхдийг суулгаж байхад болон суулгалт зогссоноос хойшхи хэдэн долоо хоногийн хугацаанд аль болох шинэ төрлийн нэмэгдэл хоолонд оруулахгүй байх хэрэгтэй.
- Өөх тос ихтэй болон чихэрлэг зүйлсээс (жимсний шүүс, ундаа г.м) зайлсхийх
- Дараах хүнсний зүйлсийг өгөх нь ач тустай:
  - Цагаан будаа, улаан буудай, төмс, талх, хүүхдийн будаа
  - Жигнэсэн алим ба лийр, нухсан гадил
  - Тослоггүй жигнэмэг, тараг
  - Хар мах, загас

3. Хэдийд эмчид буцааж хандах вэ?
Хэрэв таны санаа зовж байгаа ба Хүүхдийн биеийн байдал хүндэрч байгаа, ууж чадахгүй болон хөхөө хөхөхгүй болсон, уухдаа муу, халуурч цустай бааж байгаа бол эмч рүү яаралтай яв.

Суулгалтаар өвдсөн хүүхэд бүр эмнэлгээс гарсаны дараа заавал өрхийн эмчдээ үзүүлж биеийн байдалаа хянуулах ёстой.

Эмнэлэгт эмчлэх:
Хүүхэд уухдаа муу, шингэн алдлатаас усгүйжлийн шинж тод илэрсэн бол хүүхдийг зайлшгүй эмнэлэгт хэвтүүлж эмчлэх хэрэгтэй.
- Хамрын гуурсаар хооллох: хамраар дамжуулан ходоод руу гуурс оруулаад түүгээр шингэн өгнө.
- Судсаар шингэн өгөх: хураагуур судсаар шингэн нөхөх шаардлага гардаг.
- Антибиотек: хүүхэд цусаар бааж байвал эмчийн заавраар антибиотек хэрэглэж болно.

Эмчлэгч эмч дээрх эмчилгээнүүдээс таны хүүхдэд шаардлагатайг хийнэ.

Халдварыг хэрхэн зогсоох вэ?
Суулгалт нэг хүүхдээс нөгөө хүүхдэд их амархан халдана. Өөрсдөө болон гэр бүлийнхэнээ суулгалт өвчний халдвар авахаас дараах аргаар сэргийлж болно.
- Хувийн ариун цэврийг дээд зэргээр сахин гараа сайтар угаах: Ялангуяа жорлонд орсоны дараа хоол бэлдэхийн өмнө гараа сайн угаах нь чухал
- Бусад хүүхдээс аль болох хол байлгах: Суудгалт болон бөөлжилт нь бүрэн эдгэртэл нь хүүхэд олноор цуглардаг газар аваачихгүй байх хэрэгтэй.


No comments:

Post a Comment