Wednesday, April 19, 2017

"ЭРХЭМЖАРГАЛАН" ӨЭМТ

ФИЗИК ЭМЧИЛГЭЭ БОЛОН ЛАБРАТОРЫН МЭРГЭЖИЛТЭЙ СУВИЛАГЧ АЖИЛД АВНА.
УТАС: 70144821

Wednesday, May 4, 2016

Улаан бурхан – Корь өвчний тухай
Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, өндөр халдвартай, цочмог өвчин юм.
Эх уурхай нь: Халдвар авсан хүн.
Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой. Урьд нь өвчилсөн болон дархлаажуулагдсан эхээс төрсөн хүүхэд эхээсээ дархлаа авдаг учраас эхний 3 сард энэ өвчнөөр өвчлөхгүй. Үүнээс хойш дархлаажуулалт хийгдээгүй тохиолдолд улаан бурханаар өвчлөх боломжтой. 
Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд 100% насан туршийн дархлаа тогтоно, харин вакцины үр дүнд 90%д нь дархлаа тогтож, 20 ба түүнээс дээш жил хадгалагдана.
Улаанбурхан өвчний үед дараах шинж тэмдэг илэрнэ. 
Урьтал үед:
Халуурах- 1-4 өдөр үргэлжилнэ.
Нүдны салст үрэвсэх
Хамраас нус гоожих
Ханиалгах
Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
Бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ. 
Ид үед дээрхи шинж тэмдэг дээр нэмэгдээд нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна. Тууралт арилахдаа гарсан дарааллаараа ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үүсэх ба 1-3 долоо хоногийн дараа арилна.
Эмчилгээ:
Хүндрээгүй үед гэрээр эмчилнэ
– Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм бариулна
– Чанартай хөнгөн хоол, шингэн их уулгана
– Витамин эмчилгээ хийнэ. / +А витаминыг эмчийн заалтаар уулгана./
Хамгийн гол нь асаргаа сувилгаа:
o Амны хөндийг буцалсан ус, 2%-ийн содын уусмалаар зайлуулна
o Нүдийг 20%-ийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа 2-3 дуслаар дусаах, буцалсан усаар угаах
o Ор дэрний хэрэглэл цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих
o Өрөөг дулаан чийглэг, агааржуулалт сайтай байлгах. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж эмчийн хяналтад эмчлүүлнэ.
Анхааруулга:
Халууралт, тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, эсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утаснаас зөвлөгөө авах, дуудлага дуудан үзүүлэх боломжтой.

Thursday, October 29, 2015

Архины хор хөнөөл

Шоронд хоригдож байгаа хүмүүсийн 50% гэмт хэрэг хийсэн, 40% зам тээврийн осол гаргасан, 25%  хүнд бэртэл авсан хүмүүс бүгд архитай холбоотой байдаг.
Спирт хүний биед маш амархан шингэдэг, өлөн уувал шууд цэврээрээ биед 20% шимэгддэг бөгөөд хэдэн хоромын дараа согтоодог байна. Харин юм идсэний дараа архи уувал согтолт харьцангуй багасдаг байна. Архи шимэгдсэн үед хамгийн түрүүнд элэгний эс гэмтэж задардаг байна.
Архи уусны дараа цусанд шимэгдэн орж хүний биеийн хариу урвал спиртийн  концентрациас хамааран харилцан адилгүй хариу урвал үзүүлдэг байна. Үүнд: цусан дах спиртийн концентраци нь 20mg% бол сэтгэл сайхан хөөрлийн байдалтай, баяр баясгалантай, бүх юм сайн сайхан болж санагддаг, цусан дахь спиртийн концентраци нь 40mg% бол дээрх хөөрлийн байдал гүнзгийрч маш их хөөрлийн байдалд орно, цусан дах спиртийн концентраци нь 80mg% бол арслан бар адил болж өөрийгөө төвийлгөн онгирох, үг яриа нь эмх замбараагүй болдог,   цусан дах спиртийн концентраци нь 160-200mg% гахай шиг болж ухаан алдан унтдаг байна. Согтуугаар машин барин осолд орсон хүмүүсийн цусан дахь спиртийн концентраци нь 200mg%-с дээш байдаг. 


Архи эрүүл мэнд


Анагаах Ухаанд  өдөрт  бага хэмжээтэй архи хэрэглэх нь цусны даралт багасгаж зүрхний титэм судасны эмгэг үүсэх болон өвчнөөр нас барах тохиолдол ч бага байдаг гэж үздэг байна. Мөн тодорхой бага тунгаар хэрэглэсэн тохиолдолд судас тэлж цусан хангамжийг сайжруулж нойр сайн хүргэж сэтгэл санааг тайтгаруулдаг гэж судалгаагаар батлагдсан байдаг.

Гэвч архи бага хэмжээтэй хэрэглэж  болох боловч их тунгаар хэтрүүлсэн тохиолдолд хүний биед ямар их хортой болохыг хүн бүхэн мэддэг билээ. Өдөрт хэрэглэх хэмжээ нь 5 грамм байхад хүний биед сэргээх нөлөө үзүүлдэг бөгөөд европ хүний биед 30 граммаас илүүгүй гэж үзэхэд ази хүний биед 15 грамм хэмжээтэй байхад тохирсон тун гэж үздэг байдаг. Үүнийг хэрэглэх нэр төрлөөр нь  ангилбал вино дарсны хэмжээ 100 грамм, 60 хэмтэй цагаан архи 25 грамм, шар айраг буюу пиво 300 граммаас хэтрэхгүй хэмжээтэй  байх гэж үздэг байна.
Архи хэтрүүлэн хэрэглэсэнээр хүний эрүүл мэнд болон хүний нийгмийн амьдрал ахуйд хичнээн хор хөнөөлтэй болохыг мэддэг боловч архи уусан үедээ өөрөөр хэлбэл согтуугаар машин жолоодоход 40% зам тээврийн ослоор нас барч, 50% хууль зөрчиж гэмт хэрэгтэн болж, 25% хүнд өвчтэй болох буюу насан туршдаа тахир дутуу эрэмдэг зэрэмдэг хөдөлмөрийн чадвар алддагддаг байна. Мөн архийг хэтрүүлэн удаан хугацаагаар хэрэглэснээр элэг хатуурах, зүрх судасны эмгэг, сэтгэцийн эмгэг, тархины эмгэгүүд, паркинсоны эмгэг, хорт хавдарууд зэрэг өвчнүүд үүсдэг байна.  

Зарим хүмүүс архи хэрэглэсний дараа мөрийтэй тоглон хожихоороо их баярлан хөөрч, хожигдвол уурлаж гутардаг бөгөөд хэт цочирдон сэтгэлийн хөөрлөөс болж насбарах тохиолдол ч байдаг. Америкийн эрдэмтэд архи бага уудаг хүн 1 насаар урт насалж харин архи их уудаг хүн наслах наснаасаа 6 насаар дутуу насалдаг гэсэн судалгааны үр дүн гаргасан байна.

Үнэндээ спиртийн 1/4 ходоодонд ууршдаг байна. Харин үлдсэн хэсэг нь нарийн гэдсээр дамжин цусанд шимэгддэг бөгөөд хэрвээ өлөн уувал цусан дэх концентраци нь ихэсч зүрх судасны ачаалал ихэсдэг байна. Архи уусны дараа спиртийн хэмжээ 20-40мл хүрсэн үед хүний бие тайвширч үг яриа нь олширч, янз бүрийн ааш авир гаргадаг байна. Харин 50-100 мл хүрсэн үед ярьж чадахгүй, толгой эргэж, хөл дээрээ тогтож чадахгүй зэрэг шинж тэмдэг гардаг.

Архи уусанаар хүний бүх эрхтэн гэмтдэг боловч хамгийн их гэмтэж мууддаг эрхтэн бол элэг юм. Доорх зураг дээр эрүүл элэг, өөхөлсөн элэг, эцэстээ хатуурч жижгэрсэн элэг харагдаж байна.


Мөн архинд хэт гэмтэж хордсон элэг доорх зураг дээр харж болно.

     

Архи уусан хүний согтох байдлыг дүрсэлвэл эхний үед тогос шиг болж хөөрөлд орж дараагийн шатандаа арслан бар шиг авирлаж, дараа нь сармагчин шиг сэтгэлийн хөөрөл нь мэдэгдэхгүй болон сүүлийн шатандаа гахай болон унтдаг байна.  


Архинд тархи гэмтэж жижигрэн хатингаршсан байдал

Архинд гүн согтсон үед цусны  судас хүчтэй агшдаг байна. 50 настай эрэгтэй 3 шил цагаан архи уусаны дараа ухаан алдаж түргэн тусламжаар эмнэлэгт яаралтай тусламж үзүүлж ухаан орсны дараа зүрхний цахилгаан бичлэг хийж үзэхэд хурц явцтай зүрхний цусан хангамж дутагдах өвчин үүссэн байжээ.
Спиртэнд хордсон хүмүүсийн цогцсонд шинжилгээ хийхэд уушги, зүрх, нойр булчирхай, ходоод зэрэг эрхтэнүүдээс цус алдсан, тархи цусаар дүүрсэн байх бөгөөд үндсэндээ цус алдаж амиа алдсан байдаг байна.



                                       АУ-ы доктор(Ph.D)
                                                “Цу-Эрдэнэ” эмнэлгийн эмч
                                                 Ц.Эрдэнэ

Халдварт бус өвчин

Монгол улсад хүн ам зүйн болон халдварын тархвар зүйн судалгаагаар халдварт өвчнөөс шалтгаалсан өвчлөл, нас баралт буурч, харин архаг өвчин, халдварт бус өвчин нас баралтын тэргүүлэх таван шалтгаан болоод байгаа юм. Цусны эрхтэн системийн өвчлөл, өмөн үү, осол гэмтэл, хордлого болон бусад гадны нөлөөллөөр нас барсан тохиолдол 2007 оны нийт нас баралтын 75.3%-ийг эзэлжээ. ДЭМБ-ын тооцоолсноор тархины судас хатуурах өвчин, элэгний хавдар, зүрхний цусан хангамж муудах өвчин болон зам тээврийн осол зэрэг нь нас баралтын голлох шалтгаан болж, 2004 оны үзүүлэлтээр гурван нас баралт тутмын нэг нь дээрхи шалтгаантай байжээ. Түүнчлэн . . . тархины судас хатуурах өвчин, зам тээврийн осол нь амьдралын наслалтыг богиносгох гол хүчин зүйлс болж байгааг энэ үзүүлэлт харуулсан байна. Осол гэмтэл, хордлого болон бусад гадны нөлөөлөл ялангуяа залуу хүмүүсийн нас барах, амьдралын чадвараа алдах гол шалтгаан болж байна. Энэ шалтгаанаар 16-19 насныхан нас барсан тоо нийт хүн амын дунд байгаа мөн энэ шалтгаантай нас баралтаас 2.3 дахин илүү байгаа аж. ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийн 2009 оны STEPS судалгааны урьдчилсан дүнгээр тамхи татдаг хүмүүс 27.5% эзэлж байв. Тэдний 62.7% нь цусны даралт өндөртэй байсан бол архинд автагсад 58.5% нь байв. Жимс ногоог нэрийн төдий хэрэглэдэг хүмүүсийн эзлэх хувь 93.2%. Жингийн илүүдэлтэй болон тарган хүмүүсийн хувь 53.6%, холестирин нь байх ёстой хэмжээнээс илүү хүмүүсийн эзлэх хувь 40.5% байв. Монголчуудын 70% орчим нь давстай цай уудаг ба өдөрт дунджаар 15.1 гр давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-аас зөвлөсөн давсны дундаж хэрэглээний 6 гр хэмжээнээс даруй хоёр дахин их байна. Элэгний хавдар өвчин нь хамгийн ихээр өвчлөл, нас баралтад хүргэж байгаа шалтгаануудын нэг болж байгаа нь зовнилд хүргэж, онцгой анхаарал татаж байгаа юм. Улсын хэмжээнд элэгний эсийн өмөн үү, элэгний архаг өвчнийг үүсгэгч гол шалтгаан нь В, С вирүст гепатит аж. Архины хэрэглээ өндөр байгаа нь дээрхи хоёр вирүсийн гаралтай элэгний архаг өвчнийг хурдасгаж, залуу насандаа архаг гепатит, элэгний хорт хавдраар нас барах нь бусад орнуудаас харьцангуй өндөр байна.

Wednesday, October 7, 2015

ЗАРЛАЛ
“Эрхэмжаргалан” ӨЭМТ

Долоо хоног бүрийн 5 дахь өдөр 19 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж
1955, 1958, 1961, 1964, 1967, 1970, 1973, 1976, 1979, 1982, 1985 оны эмэгтэйчүүд Умайн хүзүүний хавдрын эсийн шинжилгээ болон  40 - 64 насны бүх хүмүүсийг
ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна.
Та бүхэн идэвхитэй хамрагдана уу?


Tuesday, September 22, 2015

Галзуу өвчин
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй  байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээмэл амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлнэ.
Галзуу өвчнийг үүсгэгч вирүс нь чоно, үнэг, хярс, харх, сарьсан багваахай, нохой, муур зэрэг зэрлэг амьтдын нэгээс нөгөөд дамжин халдварлана. Хүн тэдгээр амьтдад хазуулах, шүлстүүлэхэд галзуу өвчин  тусах аюултай. Мөн дээрх амьтдын идээд орхисон малын сэг зэмд галзуугийн вирүс хадгалагдан үлддэг тул гэрийн нохой түүнээс идэж өвчлөх төдийгүй вирүс тээгч болдог. Өөрөөр хэлбэл гэрийн нохойд галзуугийн шинж тэмдэг илрэхгүй боловч хүнийг урах, хазах тохиолдолд халдвар дамжих аюултай.
Илрэх шинж тэмдэг
Халдвар авсанаас хойш өвчний шинж тэмдэг илрэх хугацаа нь 12-100 хоног байх бөгөөд энэ нь уруулсан шархны байрлал, шархны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байна.  Толгой, хүзүүний хавьд бол эхний 10 хоногийн дотор, гар, цээж, их биеийн хэсэгт бол 14-30 хоногийн дотор, хөл, гуяны хэсэгт уруулсан тохиолдолд 1-3 сарын дотор галзуу өвчний анхны шинж тэмдэг илэрнэ.
              Амьтанд хазуулсан болон уруулсан шархны орчмоор улайж хөндүүрлэн үрэвсэж, мэдрэлийн ширхэгийн дагуу хөндүүрлэх, дотор муухайрч бөөлжих, гэрэл, чимээнд цочромтгой болох, хөлрөх, шүлс гоожих, хэл яриа нь тасалдах, хүнээс зугтах, уснаас айх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Галзуугийн сэжигтэй амьтанд хазуулсан, уруулсан үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч уг өвчний эсрэг вакцин, ийлдэс зэргийг тариулах нь өвчин төв мэдрэлийн системд нөлөөлөхөөс өмнөзогсоож халдвар авсан хүний амь насыг аврах боломжтой. Харин ийлдэс, вакцин зэргийг тариулаагүй буюу дутуу тариулсан,  эмнэлгийн тусламж оройтсон  үед тухайн хүний амь насыг аврах боломжгүй юм.  
Сэргийлэлт
  1. Галзуу өвчтэй болон сэжигтэй зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтанд хазуулахгүй байх, хэрэв хазуулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдол гарвал тэр даруйдаа шархыг цэвэрлэн ариутгаж, эмнэлэгт яаралтай хандах, галзуугийн эсрэг ийлдэс, урьдчилан сэргийлэх вакциныг зааврын дагуу цаг алдалгүй тариулвал хүн өвчлөхгүй байж болно. Эмнэлгийн тусламж авах хүртэл шархыг буцалсан бүлээн усаар сайтар савандаж угаан спирт болон иодоор арчина.
  2. Гэрийн тэжээмэл нохой муурыг галзуугийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулна.
  3. Зэрлэг амьтдын дунд галзуугийн өвчлөл ажиглагдвал галзуу өвчний шинжтэй амьтдыг устгах арга хэмжээг зохион байгуулна.
  4. Золбин нохойн тоо толгойг цөөрүүлэх, нохойд хазуулсан бол мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, нохойд шинжилгээ, ажиглалт хийх зэрэг арга хэмжээ авна.
  5. Хүүхдийг нохойгоор тоглуулахгүй байх, золбин муур, нохойг гэртээ оруулахгүй байх
  6. Чоно, нохойн махыг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх 

Sunday, September 13, 2015

Зарлал
БГД-н -р хороо "Эрхэмжаргалан" ӨЭМТ
Лабраторийн эмч, сувилагч ажилд авна.
Утас: 11-364821