Эрүүл мэндийн сайдын 2013 оны 363 тоот тушаалаар дархлаажуулалтын
ээлжит 10 хоногийг 2014 оны 10 дугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулж байна.
Энэ 10 хоногийн хугацаанд заавал хийх дархлаажуулалтын
анхны болон давтан тунгаас хоцорсон 0-2 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн
дархлаажуулах, /7,15/ настай хүүхдийн сахуу татрангийн вакцин, эмч, эмнэлгийн ажилчид, эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын
томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулах юм.
Дархлаажуулалт түүний ач холбогдол
Хүүхэд
эхээс төрөхдөө зарим халдварт өвчний эсрэг эхээсээ дамжин дархлаатай
төрөх боловч хүүхдийн уг дархлаа нь аажим аажмаар буурсаар тодорхой
хугацааны дараа буюу нэг нас хүрэхэд үндсэндээ алга болно. Харин
найдвартай дархлал тогтоох цорын ганц арга бол дархлаажуулалт юм.
Дархлаажуулалт гэдэг нь халдварт өвчний эсрэг дархлал тогтоох зорилгоор
сэргийлэх тарилга хэрэглэх өөрөөр хэлбэл вакцин тарих арга хэмжээ юм.
Бяцхан
үрс маань дөнгөж төрөөд 24 цагийн дотор вакцин хэмээх ач тустай
зүйлтэйгээ учирдаг. Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхдүүд 15
хүртлэх насандаа 7 төрлийн вакцины нийт 15 удаагийн тунг хийлгэж, 8
өвчнөөс сэргийлэгдэх учиртай. Оршин суугаа газартаа бүртгэлгүй ч гэсэн
дархлаажуулалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Дархлаажуулах бэлдмэл гэж юу вэ?
Хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх дархлалтай болгохын тулд хэрэглэж буй бэлдмэлийг дархлаажуулах бэлдмэл буюу вакцин гэнэ.
Вакциныг хүүхдэд уулгах буюу тарьж хэрэглэнэ. Нэг төрлийн вакциныг товлолын дагуу хэд хэдэн удаа хийлгэнэ.
Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол
Заавал
хийх Дархлаажуулалтын үндэсний товлол нь таны хүүхэд ямар вакцин хэзээ
хийлгэх ёстойг танд хэлж өгөх “ЛАВЛАХ” юм. / товлолын зураг орно. /
“Заавал
хийх дархлаажуулалт” гэж дархлаажуулах насны бүх хүнийг хамарвал зохих
дархлаажуулалтыг хэлнэ.(Дархлаажуулалтын хууль, 2000 он)
Заавал
хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу
харьяа аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, сум өрхийн
эмнэлэгүүдэд үнэ төлбөргүй хийгдэнэ.
Дархлаажуулалтанд очихдоо та юуг анхаарах вэ?
Хүүхдээ
усанд оруулж цэвэрхэн дулаан хувцаслаарай. Хүүхдийнхээ дархлаажуулатын
дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг авч очоорой. Энэ нь
хүүхдээ ямар вакциныг хэзээ хийлгэснийг санахад тусална. Хүүхдээ вакцин
хийлгэхийн өмнө эмчид үзүүлээрэй.
Дархлаажуулалтын үед таны анхаарах зүйлс
- Вакцины хүчинтэй байх хугацааг харах
- Вакцины шошгон дээрх заалт /монитор/-ийн өнгө өөрчлөгдсөн эсэх
- Нэг удаагийн зүү тариур хэрэглэж байгаа эсэх
- Хэрэглэсэн зүү тариурыг аюулгүй хайрцаганд хийж байгаа эсэх
- Вакцин хийлгсэн тухайгаа эрүүл мэндийн дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд тэмдэглүүлэх
Зөвлөмж
• Дархлаажуулалтын дараа 30 минутаас доошгүй хугацаанд эмчийн дэргэд хүүхдээ ажиглаарай.
• Дархлаажуулалтын дараа дааруулахгүй тайван байлгаарай.
•
Дархлаажуулалтын дараа бага зэрэг халуурах, тарьсан газар улайх,
хавдах, өвдөх, чинэрэх, уйлагнах, тавгүйтэх зэрэг хариу урвал илэрч
болно. Үүнээс болж вакцин хийлгэхээс татгалзах хэрэггүй.
• Вакцин тарьсан газарт эм түрхэж боолт хийх хэрэггүй.
• Вакцин тарьсан газрыг хөндөхгүй, маажихгүй, бохирдуулахгүй байлгаарай.
•
Хэрэв хүүхэд тань 39 хэмээс дээш халуурах, тасралтгүй чангаар уйлах
болон бусад эмгэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.
• Эмчийн зөвлөмжийн дагуу халуун бууруулах, өвдөлт намдаах зорилгоор парацетамол өгч болно.
Та хүүхдээ заавал хийлгэх дархлаажуулалтанд цаг хугацаанд нь бүрэн хамруулснаар халдварт өвчний эрсдлээс бүрэн хамгаална.
No comments:
Post a Comment