Wednesday, November 27, 2013

ХДХВ-Хүний Дархлал Хомсдолын Вирус
ДОХ- Дархлалын Олдмол Хомсдол


Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-ийн халдвар нь ХДХВ-ээр үүсгэгддэг архаг явцтай халдвар юм.
Дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй ч халдвараа тараах эрсдэлтэй байдаг.
  • Халдварын эх уурхай
ХДХВ-ийн халдвар тээгч болон ДОХ-той өвчтөн
  • Халдвар дамжих зам
o   Бэлгийн зам: ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох
o   Цусаар: Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
o   ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд: жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөний сүүгээр
  • Халдвар дамжихгүй зам
o   Шүлс
o   Нулимс
o   Хоол хүнс, аяга халбагаар
o   Агаар дуслын зам /ханиах, найтаах зэрэгт шүлсээр/
o   Шумуул болон бусад төрлийн хорхой шавьж
o   Хамт амьдрах, ажиллах, суралцах
o   Тэврэх, үнсэх
o   Бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт орох
  • ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга замууд
o   Хосууд бие биендээ үнэнч байх
o   Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих
o   Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх
!ДОХ нь одоогоор төгс эмчилгээгүй үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос
  урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
!Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын тархалт бага түвшинд байгаа хэдий ч
  өртөмтгий байдал маш өндөр.
!ДОХ зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, харин нийгэм болон хөгжлийн
  асуудал.
!Эрүүл саруул харагдаж байгаа хүн ХДХВ-ийн халдвартай байж болно.
!Ямарч өвчин туссан тэр бол хувь хүний нууц. Хэн ч түүнийг задруулах
  эрхгүй. Бас өвчин авсаны төлөө хүнийг элдвээр гутаан доромжилж
  болохгүй. Харин цаг алдалгүй шинжилгээ өгөх нь зөв шийдвэр болно.
!Хэнийг ч гаднаас нь хараад халдвар тээгч гэдгийг мэдэх боломжгүй. Иймд  
  зөвхөн халдвартай нь мэдэгдсэн цөөхөн хүмүүс рүү анхаарлаа чиглүүлэх
  биш, харин хүн өөрөө хариуцлагатай байх нь ДОХ-оос хамгаална.
!ХДХВ/ДОХ-той хүмүүст удаан амьдрах боломж байна. Харин гутаан
  доромжлол, ялгаварлан гадуурхалт нь цаг алдалгүй эмчилгээ авахад хориг
  саад болдог.
  • ДОХ нь БЗДХ мөн үү?
Мөн. Гэхдээ бусад Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-уудаас ялгаатай нь ДОХ-ыг төгс эдгээх боломжгүй. Бусад БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдварыг авах болон тараах боломжийг 3-10 дахин ихэсгэдэг.
  • ХДХВ  гэж юу гэсэн утгатай вэ?
Энэ нь тухайн хүн ХДХВ-ийг тээгч буюу ХДХВ-ийн халдвар авсан гэсэн үг. Гэхдээ энэ  нь тэр хүнийг олон өвчний шинж тэмдэг илэрсэн ДОХ өвчнөөр өвчилсөн гэсэн үг хараахан биш.
  • Цонх үе гэж юу вэ?
Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл ойролцоогоор 3 сар (заримдаа 3-6 сар)өнгөрдөг. Энэ 3 сарын хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байж болох тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг “Цонх үе” гэж нэрлэдэг. Иймээс ямар нэгэн эрсдэлтэй үйлдэлд өртсөн бол 3 сарын дараа дахин шинжлүүлэх хэрэгтэй.
  • Хэн ХДХВ/ДОХ-ын халдварыг авч болох вэ?
Хэн ч ХДХВ-ийн халдварыг авч болно. ХДХВ нь яс үндэс, шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжил, боловсрол, бэлгийн харьцааны шинж төрхөөс үл хамааран халдварлана.
  • ХДХВ/ДОХ-той хүнийг хараад таньж чадах уу?
Үгүй. Тухайн хүнийг хараад таних боломжгүй.
  • ДОХ төгс эмчлэгдэх үү?
ДОХ-ыг төгс эдгээх эмчилгээ хараахан гараагүй боловч амьдрах хугацааг уртасгах эмийн эмчилгээ байдаг.
  • Хүмүүс ХДХВ/ДОХ-ын талаар ямар ташаа ойлголттой байдаг вэ?
ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамт ажиллах, амьдрах, хооллох, асрах, тэврэлдэх зэрэгт халдвар авахгүй. Зөвхөн халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл хүний биед нэвтэрсэн тохиолдолд л халдвар авна.
  • ХДХВ/ДОХ/БЗДХ-аас хэрхэн сэргийлэх вэ?
ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх алтан дүрэм буюу ABCD-ын дүрмийг мөрдвөл халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.
А: Тэвчих (гэрэлтлээ бэлгийн харьцаанд орохгүй байх, гэрлэсэн бол
     тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах)
B: Бие биедээ харилцан үнэнч байх
C: Бэлгийн харьцаанд орох бүртээ бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх

D: Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах 

No comments:

Post a Comment