Monday, August 3, 2015

УРГАМЛЫН ТООСНЫ ХАРШИЛААС СЭРГИЙЛЦГЭЭЕ

Дэлхийн хүн амын 30-40% нь жилд янз бүрийн шалтгаант харшлын өвчнөөр өвчилж байгаагаас 24-30%-ыг ургамлын тоосны харшил эзэлж байна. 2020 он гэхэд дэлхийн нийт хүн амын 50 хүртэлх хувь нь ямар нэгэн шалтгаант харшлаар өвчлөх магадлалтай гэж зарим судлаачид урьдчилан тооцоолсон байна. Хүмүүсийн хэрэглэж буй хоол хүнсний 15-20%, эм тарианы 20-25% нь харшил үүсгэх шинж чанартайгаас гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос, химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол болон бидний хүрээлэн буй гадаад орчны олон хүчин зүйлсийн нөлөө харшлаар өвчлөх шалтгаан болдгийг тогтоосон. 
Манай орны байгаль, цаг уурын онцлог цөлжилт хотжилт, агаарын бохирдол, хотын ногоон байгууламж багасч, зүлэг талбайд шарилж, луулийн овгийн ургамал ихээр ургаж байгаатай холбоотойгоор амьсгалын замын харшлын өвчлөл мэдэгдэхүйц нэмэгдэж  байна. Улаанбаатар хотын ногоон байгууламжинд 219 зүйл ургамал ургаж байгаагаас хүний биед зонхилон харшил үүсгэх боломжтой 6 овгийн 9 төрөлд хамаарах 33 зүйлийн ургамал ургаж байна.
2007 онд хийсэн судалгаагаар сүүлийн 10 жилийн дотор Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийн поллинозын тархалт 1,3 дахин нэмэгдсэн ба үүсгэж байгаа шалтгааны дотор шарилж 96,2%, лууль  88,8%-ийг эзэлж байв. Эдгээр хүүхдүүдийн 68,1% нь удамдаа харшлын өвчтэй хүнтэй байв. Харшилт өвчин нь удамших магадлал өндөр байдаг бөгөөд эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хvvхдэд өвчлөх магадлал 25%хоёулаа харшилтай бол 75-80% хувиар өсдөг.
Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар манай улсад 5 хүн тутмын нэг нь ямар нэг харшилтай байгаа ба хүн амын 1-2% нь шарилж, луулийн цэцгийн дохиурын тоосны шалтгаант харшлаар өвчлөх магадлалтай байна 
УКТЭ-ийн харшлын кабинетэд сүүлийн 30 орчим жилд хийгдсэн судалгаагаар шарилж, луулийн тоосны харшлаар өвчлөгчдийн 80 гаруй хувийг Улаанбаатар хотын иргэд эзэлж байгаа бөгөөд манай улсад ургамлын тоосны харшил түүний дотор шарилж, луулийн тоосноос үүдэлтэй өвчлөл жил тутамд ихсэж анхлан үзүүлэгчдийн жилийн дундаж 350,8 байгаа ба жилд 700-1000 хүн анхлан өвчлөгч байх магадлалтай байна.
Ургамлын тоосны харшил өвчний тохиолдол УБ хотод 73,5, төвийн бүсэд 12,3, зүүн бүсэд 5,9, өмнөд 5,2, баруун 3,1 хувийг эзэлж байна.
2010 оны судалгаагаар УКТЭ-ийн Харшлын кабинетаар сүүлийн 3 жилд 29853 хүн үйлчлүүлснээс 5070 нь ургамлын тоосны харшил өвчтэй, 1400 хүн энэ өвчний улмаас диспансерийн хяналтанд тогтмол эмчлүүлж байна.
Анагаахын шинжлэх ухаанд ургамлын тоосны харшил өвчний төгс эмчилгээний аргыг хараахан нээгээгүй байна. Өнөөгийн байдлаар хийгдэж байгаа саармагжуулах болон шинж тэмдгийн эмчилгээ нь удаан хугацаагаар хийгддэг, зарим тохиолдолд үр дүн багатай.
Ургамлын тоосны харшилт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн байгууллагууд тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа хэдий ч ургамлын тоосны харшилт өвчтэй хүмүүсийн болон диспансерийн хяналтанд эмчлүүлэгчдийн тоо жил бүр эрчимтэй өсч байна.
Ургамлын тоосны шалтгаант харшил халдваргүй улирлын чанартай, харшил төрүүлэгч тоост цөөн тооны зүйл ургамлын цэцэглэхтэй холбоотой учир урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах бүрэн бололцоотой бөгөөд үүний тулд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн зүлэгт талбайн хөрсийг солих, сайжруулах ажлыг үе шаттайгаар хийж эхлэх, хотын зүлэгт талбай, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, айл, өрх, иргэдийн эзэмшил, өмчлөлд байгаа хашаа, орчны талбайд их хэмжээгээр ургасан шарилж, луулийн төрлийн хөл газрын ургамлуудыг цэцэглэж, тоосрох үе шат эхлэхээс урьдаж харшил үүсгэгч ургамлыг зулгааж авалгүйгээр 7-8 см-ийн өндөртэйгээр 7 дугаар сарын эхний долоо хоног, 8 дугаар сарын гурав дахь долоо хоногт багтаан тус тус 2 удаа хадалт, тайралт хийх хэрэгтэй.
Ногоон байгууламжийн хөл газрын ургамлуудыг тайрч, хадаж, зүлэгт талбай болгосноор дараах үр дүнд хүрнэ. Үүнд:
  1. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ногоон масс нэмэгдэж, зүлэгт талбайн арчилгаа сайжирна.
  1. 2-3 жил тогтмол хадсан талбайн ургамлан бүрхэвч сэргэж, олон зүйл ургамал шинээр ургах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
  1. Хөл газрын ургамалтай тэмцэх химийн ямар нэгэн бодис хэрэглээгүй учир хөрс болон тухайн орчин цэвэр эрүүл үлдэнэ.
  1. Элэгдэлд орсон талбайн хөрсийг хавар, зун, намрын турш ургамлан үе давхаргатай байлгаснаар тоос шороо багасна.
  1. Их хэмжээний хүн хүч, хөрөнгө зарцуулагдахгүй тул эдийн засагт хэмнэлттэй.
  1. Хадсан жргамлыг хатааж малын тэжээл бэлтгэхэд ашиглах боломжтой.Хөл газрын ургамлыг хэлбэржүүлж, зохиомж гарган тайралт хийснээр ногоон байгууламжийн өнгө үзэмжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, хүн амын эрүүл орчинд амьдрах таатай нөхцөл бий болгох ач тустай.
  1. Ургамлын тоосны харшил өвчнөөс сэргийлэх оновчтой аргын нэг нь агаар дахь ургамлын тоосжилтыг багасгах явдал байдаг. Үүний тулд хөл газрын ургамлыг цэцэглэлтээс нь өмнө хадалт, тайралтыг зөв хийснээр агаарт ургамлын тоос тархах үйл явцыг багасгаж  хүн амыг ургамлын тоосны харшил өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Нийслэлийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх, ургамлын тоосны харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд жил бүрийн 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн “Ургамлын тоосны харшилтай тэмцэх” аяныг 2 сарын хугацаатай зохион байгуулж явуулах НЗД-ын 433 дугаар захирамжийг хэрэгжүүлэх үүднээс НЭМГ-ын даргын 1а/85 дугаар “Аян з/б-х тухай” ургамлын тоосны харшилтай тэмцэх тушаал гарган ажиллаж байна. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Харшлын кабинетын эмч нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, чадавхижуулах, адил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай танилцах, туршлага солилцох ажлыг зохион явууллаа.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР