Tuesday, April 1, 2014

Галзуу өвчнөөс сэргийлье

Галзуу өвчин нь:
Вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг, мал амьтнаас хүнд халдварладаг  хурц халдварт өвчин юм.
Галзуу өвчний үүсгэгч хаана байдаг вэ?
Байгаль  дээр вирусыг хадгалагч эх уурхай нь галзуугаар өвчилдөг зэрлэг амьтад байдаг. Гол төлөв үнэг, чоно, нохой, муур, цөөн тохиолдолд үхэр, адуу, гахай, хониноос халддаг.
alt
Галзуу өвчин хүнд яаж халддаг вэ?
Өвчтэй амьтанд хазуулж, шүлсдүүлсэнээс халдварладаг. Биед үүссэн шарх, гэмтсэн арьс, салст бүрхэвчээр шүлсний хамт орж, мэдрэлийн ширхэгээр дамжин тархан төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг.  Өвчтэй хүнээс эрүүл хүнд халдвар дамжидаггүй.
Галзуу өвчний үед хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?
Галзуу өвчний нууц үе 12-90 хоног байдаг, цөөн тохиолдолд  1 жил хүртэл үргэлжилж болдог. Нууц хугацаа  нь шархны  хэмжээ, байрлал, тухайн хүний биеийн  эсэргүүцлээс хамаарч харилцан адилгүй байдаг. 
Өвчний эхний 2-3 хоногт:
•    Цочромтгой болох
•    Нойронд муу
•    Хазуулсан шархны орчимд өвдөх
•    Чичрүүдэс хүрч, халуурах
•    Ууц  нуруугаар өвдөх
•    Гар хөл эрвэгнэх
•    Үе үе мэдээ алдах, бие сулрах
Өвчин хүндрэх үед : Шингэн ууж чадахгүй болох, нүдэнд хий юм харагдах, хурц гэрэл, салхи, дуу шуугианаас айх шинжүүд илэрч, аажимдаа  ухаан санаа орж гарч, ухаан алдана.
Галзуу өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
I.    Нийгмийн урьдчилан сэргийлэлт
•    Галзуу амьтаныг яаралтай устгах
•    Золбин нохой, муурыг устгах
•    Албаны ба гэрийн нохойг толгой дараалан вакцинжуулах, бүртгэл пайзтай болгох
•    Хазуулсан амьтадыг малын эмч нарын хяналтын доор байлгах
II.Хувийн урьчилан сэргийлэлт:
•    Хэрвээ нохой, чононд хазуулсан бол яаралтай эмчид хандан үзүүлэх
•    Хазуулсан даруйд галзуугийн эсрэг вакцин тариулах
•    Вакциныг гүйцэд хийлгэх хэрэгтэй
•    Чухал шаардлагатай бол иммунаглобулиныг тариулах
Галзуу өвчин бүрэн эдгэрдэг үү?
Галзуу өвчний эсрэг вакцин, ийлдэсийг  хийлгэвэл сэргийлэх боломжтой өвчин юм. Харин зэрлэг амьтанд хазуулж,  шүлсдүүлсэн тохиолдолд галзуу өвчний эсрэг вакцин хийлгэхгүй бол үхэлд хүргэх аюултай өвчин.
Галзуугийн халдварт өртөх эрсдэлтэй алхамууд:
Галзуугийн сэжигтэй ба өвчтэй мал амьтдад хазуулах, уруулах, ноцуулах, самардуулах, шүлсдүүлэх. Тэдгээрийн шүлсээр бохирдсон  эд зүйлсд хүрэх,  арьс салстыг гэмтээж шарх авах.  Галзуугийн сэжигтэй болон галзуугаар үхсэн малын арьс шир өвчсөн, мах эвдсэн, түүхий эдэд хүрэх, арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан хүнийг галзуугийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй гэж үздэг.

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ!

PDF Хэвлэх И-мэйл
  
Халдварлах зам:
Шүлхий өвчтэй мал, амьтантай шууд хавьтал болох, ялангуяа өвчтэй малын сүүг буцалгаж хэрэглээгүйн улмаас хүнд халдварладаг.
Тархвар судлал:
Өвчний эх уурхай нь өвчтэй мал, амьтан юм. Өвчтэй мал амьтдын шүлс, сүү, өтгөн, шингэнээр шүлхий өвчний вирус ялгардаг. Эдгээрээс хамгийн аюултай нь өвчтэй мал, амьтны шүлс бөгөөд вирус хамгийн ихээр агуулагддаг. Хүнээс хүнд халдварладаггүй. Ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн, тэр вирусын дархлаа 1.5 сар хүртэл хугацаанд тогтдог.
Эмнэл зүй:
Халдварын нууц үе 3-8 хоног. Өвчний эхэн үед 38-39 хэм хүртэл халуурах, толгой өвдөх зэрэг томуу өвчинтэй төстэй шинж тэмдгүүд илэрч байснаа гарын арьс, амны салстанд цэврүү гарах шинж тэмдэг илэрнэ.
Урьдчилан сэргийлэлт:
Судалгаагаар хүний шүлхийгээр өвчлөгсөдийн 65% нь халдвартай малын сүү ууснаас, 1% нь халдвартай сүүгээр бэлтгэсэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс, 34% нь халдвартай малтай ойр хавь ажилласнаас халдвар авдаг нь тогтоогджээ. Халдвартай сүүг таван минут буцалгахад шүлхийн вирус үхдэг.
Иймээс:
· Малын сүүг заавал буцалгаж цай ундандаа хэрэглэх
· Махыг баталгаатай газраас худалдан авч, сайтар чанаж хэрэглэх
· Гашилсан сүү, тараг, хоормог, цөцгийн тос, мах зэрэгт шүлхийн вирүс тодорхой хугацаагаар амьд байх чадвартай тул халдварын голомттой газрын малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийх, сайтар боловсруулан хэрэглэхийг зөвлөж байна.